Холбоо барих

Эцэг эх

Сайн ноён хан аймгийн Цогтой гүн Дашдоржийн хошууны (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сум, 1923 оноос Баянхонгор хайрхан уулын хошуу, 1931-1957 онд Баянхонгор сум) нутаг Уутын голоор нутагтай Дүгэржав хэмээх язгуурын тайж хүн байжээ. Түүний хүү Сумгарьд тайж нь Дүгэржавын ганц хүү бөгөөд Норов хэмээх хүүтэй байжээ.

Тэрхүү Норов тайжийн хүү Дамдинжавын Гомбожав нь Г.Занданшатарын аав юм. Д.Гомбожавыг 3 настай байхад эцэг Норов тайж нас барснаар, ойрын төрөл Ундарын Дамдинжав хэмээх хүнд үрчлэгдсэн байна.

Д.Гомбожав 1933 онд төрсөн бөгөөд сумандаа адуучнаар ажиллаж байгаад 1953 онд цэргийн албанд татагджээ. Тэрбээр бага залуудаа ухаан сэргэлэн, хөдөлмөрч, адуунд эртэй, морь уургалах, эмнэг булгиулах, хурдан морь таних, уях эрдмийг төгс эзэмшсэн хүн байсан гэдэг. Цэргийн албаа хааж ирээд 1956 оноос Галуут сумандаа багийн тоо бүртгэгч, “Галуут” нэгдлийн ня-бо, баг, бригадын дарга, 1962 оноос “Коммунизмын төлөө” нэгдлийн орлогч дарга зэрэг албыг хашиж байгаад 1965-1967 онд Удирдах ажилтны 2 жилийн дээд курс дүүргээд ирэхэд нь Баянхонгор аймгийн Баацагаан суманд Сум-нэгдлийн даргаар томилсон байна.

Тэрбээр энд ажиллах хугацаандаа тус сумын “Чойбалсангийн зам” нэгдлийг улсын тэргүүний нэгдлийн хэмжээнд хүргэсэн юм. Д.Гомбожав 1972-1976 онд тухайн үеийн Намын дээд сургуульд суралцан дүүргэж, дээд боловсрол эзэмшсэн байна. Улмаар Баянхонгор аймгийн Өлзийт суманд Сум-нэгдлийн даргаар томилогдож, 1982 он хүртэл ажиллахдаа тус сум, нэгдлийг аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн, олон шинэ санаачилга гарган, амжилттай хэрэгжүүлснээр аймаг, улсын тэргүүлэх хамт олон болгосон байна.

1982 онд МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр түүнийг Атрын II аянаар байгуулагдсан, Хэнтий аймгийн Чандганы сангийн аж ахуйн даргаар томилжээ. Тэрбээр шинэ тутам аж ахуйг богино хугацаанд хөл дээр нь босгон, улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөт зорилтуудыг амжилттай ханган биелүүлж, улсын хэмжээнд хамгийн их ургац хураасан САА-гаар удаа дараа шалгарч байв.

Д.Гомбожав МАХН-ын XVI, XVII, XVIII, XIX, XX их хурлуудад төлөөлөгчөөр, Ардын Их Хурлын депутатаар 4 удаа сонгогдсон, 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлалцсан хүн юм.

Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлэн Дамдинжавын Гомбожавт 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгожээ.

Г.Занданшатарын ээж О.Дашзэвэг нь Баянхонгор хайрхан уулын хошууны (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сум) Уутын голоор нутагтай, Оросоо хэмээх хүний ууган охин болж, 1937 онд төржээ.

О.Дашзэвэг нь Баянхонгор аймгийн Галуут, Баацагаан, Өлзийт зэрэг сумын Хүн эмнэлэг, цэцэрлэгт ажиллаж байсан байна. Ардын сурган хүмүүжүүлэх ухааны уламжлалт дэг ёсыг сайн эзэмшсэн, буддын гүн ухааны мэдлэгтэй, Монгол ардын үлгэр, тууль сайн мэддэг, “Жангар” тууль, “Молом тойны намтар”, “Чойжид дагины тууж”, “Оюун түлхүүр” зэрэг сургаалын зохиолуудыг хүүхдүүддээ цээжээр хэлж өгдөг хүн байжээ.

Д.Гомбожав, О.Дашзэвэг нар 1958 онд ханилан сууж, зургаан хүүхэд төрүүлж өсгөсний 5 дахь нь Занданшатар юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл