Холбоо барих

Видео мэдээ Бүгдийг үзэх

Танилцуулга

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.26/ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Б.Батзориг, М.Билэгт, Б.Ундармаа, А.Ундраа нар өргөн мэдүүлэв. 

Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа шууд тусгах боломжийг бүрдүүлэх нь ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэх үндсэн нөхцөл болохыг Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар онцлов. Хууль, шийдвэр батлахдаа нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг иргэдийн зөвлөлдөх санал асуулгаар тодруулах, улмаар түүнийг шийдвэрлэх шийдлийн талаар иргэдтэй зөвлөлдөх механизмыг шинээр бий болгосноор баталсан хууль, шийдвэр иргэдийн дэмжлэгийг авах, бодитой хэрэгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих Хууль тогтоомжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3-т заасан олон нийтийн оролцоог хангах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчим, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах, бодитой, ил тод байх, 5.3.1, 5.3.2-т заасны дагуу оролцоог хангах эрх зүйн арга ажиллагааг зөвлөлдөх ардчиллын зарчмаар хэрэгжүүлэх механизмыг шинээр бий болгох шаардлага тулгарч байгаа тул Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг  3 бүлэг, 15 зүйлтэйгээр  боловсруулжээ.

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2017.01.18/ хуралдаан 14 цаг 20 минутаас 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, А.Ундраа, Б.Энх-Амгалан, Н.Энхболд нар ажиллажээ. Ажлын хэсэг энэ хугацаанд нэг удаа, ажлын дэд хэсэг хоёр удаа хуралдаж хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн Байнгын хорооны хуралдаанд оруулж байгааг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан юм.

Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 231 зүйлийн 231 2 дахь хэсгийн “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах” гэснийг “ажлын байраар хангах” гэж, мөн зүйлийн 231 3 дахь хэсгийн “холбогдох хууль тогтоомжид” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн 3 дугаар 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг “Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч нь гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд түүнийг Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлийн “3 жил” гэснийг “4 жил гэж, “”3 жил байна” гэснийг “4 жил байна. Тайлбар: Энэ хэсэгт оруулсан өөрчлөлт нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллаж байгаа дипломат ажилтанд хамаарахгүй” гэж өөрчлөхөөр боллоо. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтов.

Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын талаар мэдээлэл сонсов

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар “Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын мэдээллийг сонсов.

Тэрбээр, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн биелэлтийг хангах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгаж, уг ажлын хүрээнд Төрийн ордонд байрладаг байгууллагуудыг шилжүүлэн байрлуулах талаар санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу Ерөнхий сайдын 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаар захирамжаар уг асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, асуудлыг газар дээр нь судалж үзсэний үндсэн дээр зохих дүгнэлт, зөвлөмж гаргасан талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Төрийн ордны барилгыг анх 1947 оноос эхлэн барьж 1951 он (7 блок)-д ашиглалтад оруулсан бөгөөд 1961 (7 блок), 1981 (5 блок) онуудад хоёр удаа өргөтгөл хийгдсэн, нийт 19 блок барилгаас бүрддэг байна. Анхны барилгын хийц нь чулуун суурьтай, тоосгон ханатай, модон хучилттай /баруун зүүн жигүүр нь 3 давхар/ бол 1961 оны өргөтгөл нь цутгамал хучилттай баригдсан. Харин 1981 онд баригдсан хэсэг нь 5 блокоос бүрддэг бөгөөд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээг тооцож барьсан байна. Мөн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг 2005-2008 онд барьж ашиглалтад оруулжээ.

Газар хөдлөлийн бичил мужлалын зургийн дагуу Улаанбаатар хотын 7 баллын бүс нутагт байрлах Төрийн ордны 4 хэсэг бүхий барилгыг Барилгын тухай хууль, “Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм”-д заасны дагуу 2001 онд паспортжуулжээ. Уг ажлын хүрээнд 1951 онд ашиглалтад орсон анхны барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй, ашиглалтын үеийн аюулын байдалтай, 1961 онд ашиглалтад орсон нэгдүгээр өргөтгөлийн барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэрлэх чадваргүй, ашиглалтын үеийн аюулын байдалтай, харин 1981 онд ашиглалтад орсон хоёрдугаар өргөтгөлийн барилгуудыг газар хөдлөлтийн норм, дүрмийн шаардлагыг хангахгүй гэж тус тус дүгнэсэн байдаг аж.

Улмаар Төрийн ордны барилгын паспортжуулалтын дүнг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар нарийвчлан хэлэлцээд “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”-ийн шаардлагад нийцүүлэн 1951, 1961 онд ашиглалтад орсон барилгуудыг буулгаж, шинээр төлөвлөлт хийх, 1981 онд ашиглалтад орсон барилгыг зураг төслийн байгууллагаар тооцоо, судалгаа хийлгүүлж бэхлэх, хүчитгэх арга хэмжээ авах зөвлөмж гаргажээ. Тухайн үеийн тооцоогоор Төрийн ордны барилгын 1951-1961 оны хэсгийг хүчитгэвэл 28,7-40,9 тэрбум төгрөг, уг хэсгийг буулгаж шинээр барихад 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах тооцоо гарсан байна. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага 2008 оноос хойш 20 гаруй дүгнэлт, цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан ч тодорхой арга хэмжээ авалгүй өдий хүрчээ.

Ажлын хэсэг Төрийн ордонд байрладаг байгууллагуудын аюулгүй байдлыг хангах, цаашид шилжүүлэн байрлуулах талаар санал боловсруулах ажлын хүрээнд Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдалд мэргэжлийн байгууллагаар оношлогоо, судалгаа хийлгүүлэх болон холбогдох тооцоо, судалгаа хийлгэсний зэрэгцээ төрийн дээд байгууллагуудыг түр байрлуулах боломжит байрыг сонгох, шилжүүлэх асуудлыг судалж, санал боловсруулсан байна. Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлыг тогтоосон чанар, аюулгүй байдлын дүгнэлтийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн багш, доктор Я.Дүйнхэржав, З.Биндэръяа зэрэг барилгын хийц, бүтээцийн чиглэлээр нарийн мэргэшсэн эрдэмтэд, холбогдох байгууллагын 13 мэргэжлийн хүнээс бүрдсэн дэд ажлын хэсэг 4 сарын турш Төрийн ордны барилгад нарийвчилсан үзлэг, шалгалтын ажлыг гүйцэтгэсний үндсэн дээр боловсруулжээ. Энэ талаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш, доктор Я.Дүйнхэржав танилцуулга хийсэн юм.

Эрдэмтэн судлаачид оролцсон ажлын дэд хэсэг Төрийн ордны барилгын 1951 онд баригдсан 7 блок барилгыг бүтээцлэлд тавигддаг 15 шаардлагын үзүүлэлтээс 10 нь, 1961 оны эхний өргөтгөлийн 7 блок барилгын 3 үзүүлэлт нь шаардлага хангахгүй байгаа учир буулгаж шинээр барих шаардлагатай гэж дүгнэжээ. Мөн 1981 онд баригдсан 5 блок барилгад хүчитгэлийн арга хэмжээг авах боломжтой. Түүнчлэн хүчитгэлийн ажлын хүрээнд Төрийн ордны хуралдааны Их танхимын хоёр дам нурууг хүчитгэх, шинээр 9 шат төлөвлөж оруулах, дээвэр, ус зайлуулах системийг сайжруулах зэрэг арга хэмжээг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Дээр дурдсан санал, дүгнэлтийн дагуу ажлын хэсэг Төрийн ордны барилгын чанар, аюулгүй байдлыг хангахын тулд юуны өмнө 1951, 1961 онд баригдсан, газар хөдлөлтөд тэсвэргүй 14 блок барилгыг буулгаж шинээр барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Үүний тулд буулгаж шинээр барих, хүчитгэх ажлын зургийг хийх, түүнд үндэслэн төсөв хөрөнгийг тодорхойлох арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай. Ингэснээр 2018 оноос барилгыг үе шаттайгаар блок хэсгүүдээр буулгаж барих боломж бүрдэнэ. Ингэхдээ барилгын гадна талын хэв загвар /фасад/-ыг хадгалан авч үлдэж, барилгын дотоод зохион байгуулалт, барих технологийг орчин үеийн төлөвлөлтийн болон арга технологийн дагуу гүйцэтгэх бүрэн боломжтой. Барилга, хот байгуулалтын яамнаас хийсэн урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 оны хэсгийг буулгаж, дахин барих өртгийн төсөв ойролцоогоор 38,8 тэрбум төгрөг, 1981 оны хэсгийг хүчитгэж засварлахад 3,6 тэрбум төгрөг, нийт 42,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ийм үед энэ хөрөнгийг гаргах боломж хомс байгаа тул эхний ээлжинд тооцоо судалгааг хийж бэлэн болгох, мөн эрсдэл үүссэн үед Төрийн ордонд байрлан үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг шилжүүлж түр байрлуулах бэлтгэлийг хангахад анхаарах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа Ж.Мөнхбат сайд танилцуулгадаа дурдлаа.

Түүнчлэн ажлын хэсэг Төрийн ордны барилгыг буулгаж, шинээр барихтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал, түүний Тамгын газар, Засгийн газрыг түр байрлуулах боломжит байрыг сонгох болон шилжүүлэх байрлуулах арга хэмжээг авах шаардлагатай гэж үзсэн. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлыг Засгийн газрын 11 дүгээр байранд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албыг Их тэнгэр дэх 24 дүгээр байранд, харин Засгийн газрыг Засгийн газрын 13 дугаар /Зам, тээврийн хөгжлийн яам/ байранд түр хугацаанд байрлуулах боломжтой гэсэн хувилбарыг ажлын хэсэг сонгосон байна. Төрийн ордонд одоогоор нийт 878 хүн ажилладаг бөгөөд нийт 406 өрөө, 37212 м2 ашигтай талбайтай юм байна.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Энх-Амгалан, Г.Занданшатар нар асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Мөн байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Байнгын хорооноос тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж буйгаа дурдаад Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдэд танилцуулж санал хураалгахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь буюу 76.9 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Тогтоолын төсөлд Төрийн ордны барилгыг хүчитгэх, шинэчлэн барих арга зам, шаардлагатай хөрөнгийн урьдчилсан тооцоо судалгааг гаргах; Төрийн ордны барилгыг шинэчлэн барих ажил хийгдэх үед түүнд байрладаг байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган, өөр байранд түр шилжүүлэн байрлуулах саналыг боловсруулах; Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах асуудалтай холбогдуулан төрийн дээд байгууллагуудыг нийслэлийн дагуул хот, суурьшлын шинэ бүсэд шилжүүлэн байршуулах боломжийг судлах; эдгээр асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулан Улсын Их Хурлын 2017 оны хаврын чуулганд оруулж шийдвэрлүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тусгасан байна

УИХ-ЫН ДАРГА БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
УИХ-ЫН ДАРГА БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Тэрээр хоёр өдөр үргэлжлэх орон нутгийн томилолтоо Баянхонгор аймгаас эхлүүлж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны бусад хүн дагалдан ажиллаж байна. Улсын Их Хурлын даргыг аймгийн төв талбайд ЗХЖШ-ын 339 дүгээр ангийн хүндэт харуул угтан авч хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын дарга Баянхонгор аймагт ажиллаж байна

Энэ үеэр аймгийн удирдлагууд болон иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл байлцсан юм. Үүний дараа Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Баянхонгор аймгийн "Номун далай" цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Тус сургуульд 2400 гаруй сурагч, 105 багш, 50 гаруй ажилтан, ажилчидтай болохыг сургуулийн захирал Ц.Алтангэрэл танилцуулав. Нийт багш нарын 84 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, 30 гаруй хувь нь магистр, магистрантур юм байна.

Боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын төлөвлөгөө уян хатан болсонтой холбогдуулан ахлах ангийн сурагчдад хичээл сонголтын хувьд олон бүлэгтэй, суралцагч олонтой, шилдэг арга зүйтэй багш нартай, сургалтын техник хэрэгсэл сайтай, эцэг эх, олон нийтийг үйл ажиллагаанд татан оролцуулж, хамтын ажиллагаа сайжирсан, сурагч нэг бүрийн өөрийн сонголтоор анги, бүлгийн зохион байгуулалт хийж байгаа учир сүүлийн гурван жилийн хугацаанд суралцагчийн тоо 160-200-аар нэмэгдэж байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Мөн энэ үеэр сургуулийн барилгыг шинэчлэх шаардлагатай байгааг төрийн гишүүдэд хэлж, 2017 оны улсын төсөвт 1500 хүүхэд суралцах шинэ сургууль, сурагчдын дотуур байрны зураг төслийг хийж, барих хөрөнгө шийдвэрлүүлэх хүсэлтээ уламжлав.

Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар төгсөх ангийн хичээлийн явцтай танилцаж, сурагчдад сурлагын өндөр амжилт хүссэн юм. Улсын Их Хурал, Засгийн гишүүд "Номун далай" цогцолбор сургуулийн сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхов.

Улсын Их Хурлын даргын орон нутгийн томилолт үргэлжилж байна. Тэрээр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, ээлжит бус чуулганаар баталсан хууль, тогтоомжийн талаар танилцуулна. Үргэлжлүүлэн Өвөрхангай, Архангай аймагт ажиллахаар төлөвлөөд байна. 

“Цэцэн түшээ” тэмцээний аваргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Б.Саранчимэг нар шалгарлаа
“Цэцэн түшээ” тэмцээний аваргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Б.Саранчимэг нар шалгарлаа

Улсын Их Хурлын гишүүдийн дунд болсон “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өндөрлөж, дүнгээ гаргалаа.  

Тэмцээний “Уран өрөг” шагналыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүртэв.

Тусгай шагналыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Болорчулуун нар хүртсэн.

 

Тэмцээний гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хоёрдугаар байранд УИХ-ын гишүүн Л.Энхболд шалгарч, тэргүүн байрыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар эзэллээ.  

Шагналыг УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар гардуулж өгөв.

УИХ-ын гишүүдийн дунд анх удаа, албан ёсоор зохион байгуулсан энэхүү тэмцээнийг УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Баянхонгор аймгийн Өлзийт сумаас иргэн Д.Пүрэв улсын аварга малчнаар тодорсонд баяр хүргэе.
Баянхонгор аймгийн Өлзийт сумаас иргэн Д.Пүрэв улсын аварга малчнаар тодорсонд баяр хүргэе.

Монгол түмэн урин цагтайгаа золгож, сар шинээ тэмдэглэх гэж зэхэж буй энэ цаг дор төр засгаас улсын аварга малчдаа тодруулж, тэднийгээ алдаршуулж эхлээд байгаа билээ. Тэртээ 62 жилийн өмнө эмэгтэй хүн улсын аварга малчин болж түүхэнд нэрээ үлдээж байжээ. Тэгвэл бүхэл бүтэн 62 жилийн дараа Баянхонгор аймгийн Өлзийт сумаас иргэн Д.Пүрэв улсын аварга малчнаар тодорч, эмэгтэй улсын аварга малчдын буухиаг үргэлжлүүлсэн сайхан үйл явдал тохиогоод байна. 

Эцэг эхээс 10-уулаа, айлын том охин тэрбээр өнчин үлдсэн есөн дүүдээ ээжийнхээ оронд ээж нь, аавынхаа оронд аав нь болж, тэднийхээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн ачтай буянтай буурай юм. Мөн өөрийн долоон хүүхдээ ч хүний зэрэгтэй хүн болгож, зөв амьдрахыг үлгэрлэж сургасан өндөр ээж ээ. Тэрбээр улсын аварга малчин болчихоод хэлсэн үгэндээ "Малын тоо толгойд биш чанарт нь анхаарах ёстой" хэмээн хэлж байсан нь түүнийг малд хэр их хайртай, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг гэдгийг бэлхнээ илтгэж буй биз ээ. Нутгийн олныхоо хүндлэлийг хүлээж, малчин түмэндээ үлгэр болсон түүнийг улсын аварга малчин болсон гэдгийг сонссон хүн бүр л нүдээ олсон шагнал хэмээн шагшиж байлаа. Хонгор нутгийнхаа зон олон, Монгол түмнийхээ өмнөөс энэ сайхан буянтай буурайдаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!!!

Баянхонгор аймгийн нэгдсэн төвийн цусны салбар төвийн нээлт боллоо
Баянхонгор аймгийн нэгдсэн төвийн цусны салбар төвийн нээлт боллоо

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ЭМЯ-ны ТНБ-ийн дарга Д.Очирбат нар Баянхонгор аймагт ажиллаж байна Сэдэв:2 Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн гадаад харилцааг нэмэгдүүлж, хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангаж ажиллана

 УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад албаныхан Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн нэгдсэн эмнэлгээр орж, эмч удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тус эмнэлгийн гадаад харилцааг өргөжүүлж, хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдээр шат дараатай хангаж ажиллахаа илэрхийлсэн юм. Үүний үр дүнд тус эмнэлгээс ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар эрс нэмэгдэхийг онцолж байлаа.

Тус Уулзалтын үеэр тус эмнэлгийн гадаад дотоод харилцааг өргөжүүлэн, ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанарт илүү анхаарч ажиллахыг тус аймгийн нэгдсэн эмнэлгийн нийт эмч мэргэжилтнүүдэд уриалж байлаа. Төр засгийн зүгээс хэрэгцээтэй байгаа зүйлсийг аль болохоор шийдэж анхаарч ажиллана гэдгээ илэрхийлж байсан юм. Улс орны эдийн засгийн байдал хүнд хэцүү байгаа ч эрүүл мэнд гэдэг улс орны хамгийн чухал амин салбар учраас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах шаардлагатай юм.

 УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Салбарын яамны зүгээс тус эмнэлэгт хэрэгцээтэй тоног төхөөрөмж, зарим асуудлуудыг шат дараатай шийдэхээ илэрхийлж байлаа. Хамгийн гол нь өвчтөнүүд нийслэлийг зорьж цаг зав, эдийн засгаар хүндэрч байхаар аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт боломжит арга хэмжээг авч, үйлчлүүлж байх нөхцөл бололцоог бүрдүүлэхийг зорилт болгон ажиллаа хэлсэн. Үүний тулд гадаад хамтын ажиллагааг нь өргөжүүлж өгөх ажлыг хийж байгаагаа ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нь дурьдаж байсан юмаа.

ЭМЯ-ны ТНБ-ийн дарга Д.Очирбат: Тус аймаг нь 85 мянга орчим хүн амтай бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэг нь нийтдээ 345 орчим эмч, эмнэлгийн ажилтантай гэнэ. Энэхүү тоо баримтаас хэрхэн ачаалалтай ажилладаг гэдгийг харж болох байх. Мөн энэ уулзалтын үеэр. Тус аймгийн нэгдсэн төвийн цусны салбар төвийн нээлт боллоо.

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга...

Монгол хүний амь насанд заналхийлж байгаа шалтгааны дийлэнх хувийг хорт хавдар эзэлж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Занданшатарын санаачилгаар "Элэг бүтэн Монгол" аяны хүрээнд хорт хавдруудтай улс орон даяар тэмцэж эхэлсэн. Тэгвэл энэ хүрээнд Баянхонгор аймагт хүртэл энэхүү аян үргэлжлэхийг Хавдар судлалын үндэсний төвийн дарга Чинбүрэн хэлж байна

ХСҮТ-ийн дарга Ж.Чинбүрэн: Цөөхөн Монголчуудынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалах үйлсэд бтд дор бүрнээ нэгдэж, төр засгийн зүгээс ч дэмжиж ажиллах хэрэгцээ шаардлага маш их бий. Тэгвэл ийнхүү Баянхонгор аймагт хийж хэрэгжүүлж буй ажил нь энэхүү аянд нэгдэж, сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг урилалж, үлгэрлэн харуулсан үйл явдал болж байна.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.03.29/ Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчилал” төвийн тэргүүн Жэймс Фишкинтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

 

Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчилал” төвөөс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад Зөвлөлдөх санал асуулгыг хэрхэн явуулах вэ гэсэн сургалт зохион байгуулж байгаа талаараа санал солилцов. Сургалт өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордонд болох юм.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчилал” төвийн орлогч захирал Алис Сү, Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ХӨГЖЛИЙН АМИН СҮНС НЬ ЗӨВ АРДЧИЛАЛ, УУРАГ ТАРХИ НЬ УХААЛАГ ТӨР, МАХБОДЬ НЬ 5 ЗАСАГЛАЛ ЮМ
ХӨГЖЛИЙН АМИН СҮНС НЬ ЗӨВ АРДЧИЛАЛ, УУРАГ ТАРХИ НЬ УХААЛАГ ТӨР, МАХБОДЬ НЬ 5 ЗАСАГЛАЛ ЮМ

ЭДИЙН ЗАСГИЙН  ЗОХИСТОЙ УДИРДЛАГА БУЮУ САЙН ЗАСАГЛАЛ  

Хөгжлийн бодлогын талаарх судалгаа маань Азийн найман улсын хөгжлийн бодлогын загвар дээр үндэслэсэн. Зүүн Азийн орнууд эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх засаглалын загвар сонголтын тухай судалгааны хүрээнд Зүүн өмнөд Азийн  найман орныг хамруулж гурван хэсэгт хуваасан. Нэгдүгээр хэсэгт, Япон, Сингапур, Солонгос, Хонгконг  болон Тайвань улсууд хамрагдана. Тодруулбал, хөгжлийн төвшин, хүний хөгжлийн үзүүлэлтээрээ нэгдүгээр ангилалд багтах Япон, Солонгос, Тайвань, Сингапур  гэсэн дөрвөн улсын хөгжлийн адил төстэй ба ялгаатай чанарыг харьцуулж судалсан. Мөн хөгжлийн төвшнөөрөө хоёрдугаар зэрэглэлд явж буй Тайланд, Малайз, Индонез зэрэг улсын засаглалын адил төстэй шинж чанарыг харьцуулсан юм.  

Гуравдугаарт, хүний хөгжлөөрөө хоцорч яваа Филиппин улсын бодлогын алдааг харьцуулсан.  

ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН БОДЛОГО  

Хөгжлийн нэгдүгээр загварт орсон улс орнууд экспортод суурилсан үйлдвэрлэлийн эдийн засгийн бодлого хэрэгжүүлснээр Зүүн өмнөд Азийн орнууд дотооддоо хуримтлал, сайн дэд бүтэц болон хэрэглээний эдийн засгийн тогтоцыг үүсгэн байгуулж чадсан. Япон улсын загвар дээр БНСУ болон Тайвань гэх мэт улсууд хөгжлийн сууриа тавьсан байна. Хоёрдугаар хэсэг, Малайз, Индонез болон Тайланд улс нь Японы үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нийлүүлэх орнууд болсон бөгөөд нэгдүгээр хэсэгт орсон улсуудтай харьцуулах юм бол харьцангуй хөгжлийн төвшин доогуур. Эдгээр улс Солонгосын 1990 оны эдийн засгийн хөгжлийн төвшинд хүрэхийн тулд Малайз 17 жил, Тайланд 22 жил, Индонез 44 жилийг зарцуулжээ.  Гурав дахь бүлэгт Филиппин улс хамрах бөгөөд баялаг ихтэй энэ улс харьцангуй чөлөөт улс төрийн тогтолцоо, либерал эдийн засгийн бодлогын үр дүнд орлогын ялгаа асар өндөртэй, хөгжлөөс эхний хоёр хэсгээсээ хоцрогдсон улс болсон.  

ЭДИЙН ЗАСГИЙН ЗАСАГЛАЛ БОЛОН ҮЗҮҮЛЭЛТ: ХӨГЖЛИЙН ОНОЛ  

Засаглалын бодлого боловсруулахын тулд төр бие даасан байдалтай байх шаардлагатай.  Хэрэв төр нь катализаторын үүрэг гүйцэтгэж байгаа бол тухайн улс бие даасан стратегийн болон тактикийн төлөвлөлт хийх чадавхитай байх ёстой. Харин өнөөдрийн Монголын хэт чөлөөт улс төрийн тогтолцооны үр дагаварт Филиппин улсын загварын араас дагаж байна гэж дүгнэж болно.   Эдийн засгийн хохиролгүйгээр төрийн бие даасан байдлыг хангахын тулд гурван нөхцөл бүрдсэн байх зайлшгүй шаардлагатай.   Нөхцөл нэг: Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг урт хугацааны зорилго тодорхойлох чиглэлд хандуулах, тэдний тэргүүлэх чиглэлийг тодорхойлох ажлыг зохион байгуулах. Үүнээс гадна, эдийн засгийн урт хугацааны бодлогыг тодорхойлох төрийн байгууллагатай байх шаардлагатай юм. Япон Улс 1949 онд Олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн яамаа байгуулж байсан. Энэ яам нь тус улсын эдийн засгийн урт хугацааны зорилт болон тэргүүлэх чиглэлийг 52 жилийн турш тогтвортой тодорхойлж ирсэн байдаг.   Нөхцөл хоёр: Төрийн албаны нэр хүнд: төрийн алба нь нэр хүндтэй олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн байх ёстой. Хэрвээ тийм байж чадах юм бол чадвартай, өндөр мэргэшсэн залуучуудыг төрийн албанд татах боломж бий болдог.   Нөхцөл гурав:  Төрийн албанд шударгаар ажиллуулах нөхцөл байдлыг хангаж меритийн тогтолцоог гуйвалтгүй бүрдүүлэх шаардлагатай юм. Жишээ нь, цалин хангамж сайтай байх, ажлын үр дүн ажилласан хугацаагаар зэрэг дэв дэвших, шагнал урамшуулал хүртэх хатуу зарчимтай, тогтвортой чанд төрийн албатай байх нь хөгжлийн нэг чухал үндэс болдог.  

ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ЗАГВАРУУДЫГ ХАРЬЦУУЛАХАД  

Сун Ят Сений ардын гурван зарчим нь Америкийн ардчиллын үзэл санаа, Хятадын уламжлал,  Европын социалист үзэл санаа гурвын нийлбэр цогц болсноороо гайхамшигтай юм. Тайвань, Сингапур, Хятад, Хонгконг, Японы хөгжлийн нууц Сун Ят Сений энэхүү үзэл санаатай салшгүй холбоотой. Ардын засаг буюу барууны ардчиллын үзэл санааг агуулсан Үндсэн хуульт засаглалын тухай зарчим. Тэрээр Монтескьюгийн Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтын гурван эрх мэдэл болох хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал дээр нэмж Азийн онцлогтой таван засаглалын онолыг дэвшүүлсэн юм. Хяналт шалгалтын,  Сонгон шалгаруулалтын гэсэн хоёр эрх мэдлийг нэмж таван засаглалын онолоо дэвшүүлсэн нь Тайвань, Сингапур зэрэг өнөөдрийн Азийн орны хөгжлийн бодлого болж байна гэж үзэж байна. Хяналт шалгалтын засаглал нь хараат бусаар авлигатай тэмцэх үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага гэж тодорхойлсон. Харин сонгон шалгаруулалтын засаглал нь төрийн албанд хараат бусаар хамгийн шилдэг хүмүүсийг сонгон шалгаруулалтаар шигшин авснаар төрийн бодлого тогтвортой урт хугацаанд хэрэгжих нөхцөл болно гэж тэрээр үзсэн байна.   Манайд 1923 оны нутгийн захиргааны дүрэмд Сун Ят Сений засаглалын онолын  үзэл санаа нуугдаж байдаг. Тэр үед ноёд хаадын эрх мэдлийг хязгаарлаж, зөвхөн сонгогдож гарч ирсэн хүмүүс нутгийн хурал, улсын Засгийн газарт ажилладаг байж. Ардын засгийн үед хүнд тал тохой зассан хүнийг өөрийг нь болон сонгосон этгээд хоёуланг нь төрийн хэргийг санаатайгаар унагаасан гэж ял цааз өгдөг байжээ.  

ӨРНӨ, ДОРНЫН УЛАМЖЛАЛЫГ ХОСЛУУЛАХ НЬ

  Монгол уламжлалыг, өрнө дорны ухаантай хослуулсан үндэсний хөгжлийн үзэл санааг тодорхойлж, зөв бодлогыг зөвлөлдөж нэг мөр шийдээд нэг Монгол нэг зүгт тууштай замнах нь Монгол Улс Азийн баруудыг гүйцэн түрүүлж хөгжлийн хурдан хүлэг болох хөгжлийн бодлогын амин сүнс мөн.   Дээр дурдсан нэгдүгээр ангилалд байгаа таван улс, дээр нь Хятад улс нь зөвхөн өрнийн ардчиллын механизмыг шууд хуулбарлан аваагүй. Дорнын Күнзийн сургаальтай, өөрийн гэсэн онцлогтой хослуулаад үндэсний хөгжлийн гарцыг тодорхойлсон. Төрийн сүлдээ дээдэлдэг Азийн хууль дээдлэх ёс гэж зан заншлын эрх зүйн хэм хэмжээ гэж бий. Энэ нь барууны загвараас арай өөр үндэсний онцлог соёлд тулгуурласан байх жишээтэй. Энэ бол хууль дээдлэх зарчим. Энэ таван улс урт хугацааны бодлогоо боловсруулж хэрэгжүүлдэг механизмыг нь эхлээд хуульчилж өгсөн. Жишээ нь, Япон улс. Тус улсад 1949 онд байгуулагдсан Олон улсын худалдаа эдийн засгийн яам 52 жилийн турш огт өөрчлөгдөөгүй. Нэр нь хүртэл шүү. Гэтэл манайд Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо байгуулж, дараа нь Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан ч одоо аль, аль нь алга. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бараг л 25 яам байгууллаа. Энэ хугацаанд төрийн албаны чадамж, уламжлал нь үгүй болсон. Японд 52 жилийн турш тасралтгүй ажиллаж, бодлого төлөвлөсөн яам нь үндэсний хөгжлийн бодлогоо боловсруулж, хэрэгжүүлж, тогтвортой сахиж байна. Ямар ч нам, улс төрөөс хараат бусаар төрийн албаны машин механизм тууштай ажиллаж байгаагийн жишээ. Энэ бол Сун Ят Сенийн таван засаглалын онолын Японы загвар юм. Тус улс дайны дараа буюу Олон улсын худалдаа эдийн засгийн яам байгуулагдсан эхний 10 жилд гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд шилдэг болсон.  Гантай болсон улс дараа нь машин үйлдвэрлэж эхэлсэн. Ингээд Тоёота, Ниссан гээд дэлхийд нэртэй машинуудыг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргасан. Дараагийн 10 жилд нэмүү өртөг шингэсэн электрон бараа үйлдвэрлэж гаргасан байх жишээтэй. Ингэж 10,10 жилээр дэс дараатай ажиллажээ. Үүнийг тухайн үед төлөвлөлтийн эдийн засаг гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Мишель Камдюсю хэлж байсан. Дээрх таван засаглалыг Үндсэн хуульд л суулгах ёстой юм. Хяналт шалгалт нь л гэхэд манайхаар бол Авлигатай тэмцэх газар, Аудитын газраар хэмжигдэхгүй. Энэ бол төрийн машин шударга ажиллах иж бүрэн механизм юм.  

МОНГОЛЫН ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛ

  Монгол Улс хууль эрх зүйн соёл урт түүхтэй бөгөөд Монголын зан заншлын хууль нь  Зүүн Азийн хоёрдахь  хуулийн гайхамшигт тогтолцоо юм гэж хууль зүйн шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд дүгнэсэн байдаг. Тухайлбал эрдэмтэн В.А.Рязановский “Монгол хуулийн суурь зарчмууд” номондоо ийнхүү дүгнэж бичсэн байдаг. Зүүн Ази дахь хамгийн аугаа зан заншлын хуулийн тогтолцооны нэг нь төр дээдлэх ёс уламжлалаас эхтэй гэсэн нь ч бий. Төр дээдлэх буюу хуулийн засаглалын Ази хэлбэр соёл нь Монголын хуулийн эрх зүйн соёл, уламжлал юм. Монголын зан заншлын хуульт ёс нь  Монголын төрт ёсны тогтолцооны хөгжилтэй салшгүй холбоотой.   Чикагогийн их сургуулийн нэртэй эрдэмтэн Том Гинсбургын Монголын төрт ёсны уламжлал Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн талаарх бүтээлдээ “Монгол Улс хууль эрх зүйн урт түүхтэй бөгөөд Монголын зан заншлын хуулийг эрдэмтэд  Зүүн Азийн хоёрдахь  хуулийн гайхамшигт тогтолцоо гэж нэрлэсэн байдаг. ОХУ-д сүүлийн үед Монголын төрт ёсны уламжлалаас Оросын төрт ёс үүссэн гэсэн үзэл хандлага ихэд дэлгэрч буй. Г.А.Тюньдешевийн аугаа их хаан Бат-Оросын  төрт ёсыг үндэслэгч гэдэг ном ч Орос улсад гарч шуугиан тарьж буй.  

 

ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УДИРДЛАГЫН НУУЦ

  Их Монгол Улсыг байгуулж, дэлхийн талыг эзэлсэн Чингис хааны удирдлагын ухааны нууц, монгол төрийн уламжлал нь төрөл садан, найз нөхөрлөлийн хүрээллээр бус зөвхөн ур чадвар, гавьяат үйлсээр нь үнэлж чухал албанд томилж, Их бага хуралдай, Есөн өрлөг зөвлөлдөж их хэргийг бүтээдэг байсанд оршдог. Үүний тод жишээ бол Чингис хаан өөрийнх нь хүзүүг харвасан онч мэргэн Зэвийг Их цэргийн жанжнаа болгож хөрш зэргэлдээ орнуудыг эзлүүлэн, эцгийг нь хорлосон татар аймгийн Шихихутагийг их заргачаар томилж Монгол гүрний анхны үндсэн хуульчилсан цааз Их засгийг баталж, Уйгарын Тататунгаг тамга түшигч бичгийн их түшмэлээр өргөмжилж Монголын анхны бичиг босоо үсгийг зохиожээ. Мөн тэрээр Чу Мэргэн буюу “Урт сахалт” хэмээн алдаршсан Елюй Чуцайг Монголын эзэнт гүрний төрийн зүтгэлтэн, хааны зөвлөх, эрдэмтэн зохиолчоор өргөжээ. Ингэж Монголын эзэнт гүрний засаг захиргааны тогтолцоог буй болгож, Марко Полог шагнаж Их гүрний суу алдрыг дэлхий даяар тэр үед ч, одоо ч түгээж байна.  

ХӨГЖЛИЙН ОНОЛЫН МОНГОЛ УЛАМЖЛАЛ

  Үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын сонголт хийх, зорилго дэвшүүлэх, шинэ санаа дэвшүүлэн хэрэгжүүлэхэд доод тал нь засаглалын таван нөхцөл, шийдвэр гаргах орчин бүрдсэн байх ёстой. Үүнд, нэгдүгээрт, нийгэм, эдийн засгийн стратегийн зорилт дэвшүүлэх, хоёрдугаарт, эдгээр зорилтыг холбогдох төрийн байгууллагууд нь боловсронгуй болгон тодорхойлох, гуравдугаарт, удирдлагууд эдийн засгийн хөгжлийн бодлого дээр нэг шийдэлд хүрэх, дөрөвдүгээрт, эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх үүднээс идэвхтэй ухуулга ард иргэдэд хийх бүтэц, тавдугаарт, зохих үр дүнд хүрсэн байх, хяналт шалгалт хэрэгжилтийн механизм бүрдсэн байх ёстой.    Дайны дараа Япон улсын хувьд барууны орнуудын хөгжлийг гүйцэх гэсэн нийгэм эдийн засгийн стратегийн зорилтыг тавьсан байдаг. Энэ зорилт нь Японы иргэдийн хувьд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зорилт байсан юм. Мөн Солонгос улс ч Японы эдийн засгийн хөгжлийг гүйцэх гэсэн зорилт тавин ажилласан юм. Цэргийн дэглэм тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө цэгцтэй бодлоготой Японы эдийн засгийн загварыг хуулбарлан өөрийн онцлогт тохируулан хэрэглэсэн.   Зүүн өмнөд Азийн орнуудын хувьд ч эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан тусгай яамд байдаг бөгөөд тэдгээр яамд эдийн засгийн тэргүүлэх чиглэл болон эдийн засгийн хэтийн бодлого боловсруулан, тодорхойлдог байна. Эдгээр төрийн бодлого боловсруулдаг гол түлхүүр яамд албан хаагч нар нь өндөр цалинтай (хувийн салбарын цалингаас өндөр) боловсрол, шударга зан чанараар хамгийн сайн иргэдийг сонгон шалгаруулж авдаг юм.  

УЛС ОРНЫ УДИРДАХ ТӨВШНИЙ ЗӨВЛӨЛДӨӨН  

АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Харилцаа холбоо, Улс төр судлалын тэнхимийн багш, тус сургуулийн Зөвлөлдөх Ардчилал Судлалын төвийн захирал Др. Профессор. Жеймс Фишкин, Стэнфордын Их сургуулийн Улс төр, Социологи судлалын тэнхимийн багш Др. Профессор Ларри Даймонд нарын хамт.   Тайвань, Солонгос, Малайз, Филиппин улсууд бүгд улс төрийн сөрөг хүчнүүдтэй. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг дэмжин, боловсруулсан бодлогыг эсэргүүцэж байгаагүй нь анхаарал татна. Эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тал дээр ард иргэдийн дэмжлэгийг авах үүднээс эдийн засгийн хөгжлийн бодлого ард иргэддээ ойлгуулах зөвлөлдөх уулзалт, ухуулга сурталчилгааг өргөн хэмжээд зохион байгуулдаг байна. Жишээ нь, Малайз улс эдийн засгийн хөгжлийн арван жилийн хэтийн зорилтоо тодорхойлж үүнийг хэрэгжүүлэх таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулдаг. Таван жилийн төлөвлөгөөг социализмын үе шиг байгууллага бүр өргөнөөр сурталчлах ойлгуулах үүрэг юм.  

Онцлох мэдээ Бүгдийг үзэх

Инфографик

Онцлох арга хэмжээ

Ачааллаж байна ..