- Сэтгүүлч Ж.Алтангэрэл: УИХ-аас малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль хэлэлцэхээр тогтлоо. Холбоо зайлшгүй байгуулах нөхцөл, шалтгаан байна гэсэн үг үү?
- Байлгүй яахав. Хүннүгийн үеэс эхлээд нэгдэлжих хөдөлгөөн хүртэл аравтын зохион байгуулалттай байсан. 1958 он хүртэл арван гэрийн дарга гэж томилдог байсан. Арван гэрийн дарга бол арван малчин өрхийн нүүдэл, бэлчээр, ус, малын тооллого, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол гэх мэт бүх асуудлыг хариуцдаг байсан. Мөн арван гэрийн малчин тухайн тэргүүлэгчээ сонгодог байсан. Энэ нь мал аж ахуйдаа зохимжтой зохион байгуулалтын хэлбэр байсан байгаа юм. Одоо энэ бүхэн мал аж ахуйн салбарт алга. Харин зарим орон нутгийн малчид өөрсдөө сайн дураараа энэ хэлбэрээр нэгдэн цас зудны эрсдэлийг давж байна. Өнөөдрийн байдлаар малчдынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалдаг байгууллага алга. Улс төрчид хөдөөгүүр явахаараа алдаг оног хааяа нэг дуугарна, төрийн бодлогод тусгалаа олж чадахгүй байна.
- Сэтгүүлч Ж.Алтангэрэл: Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн онцлог юу байна вэ?
- Зохион байгуулалтын хувьд 20 өрх нэгдэж анхдагч холбоог байгуулна. Энэ бол зөвхөн зохион байгуулалтын хувьд гэсэн үг. Харин малтай холбоотой асуудал буюу малын эрүүл мэнд, малын түүхий эд, бүтээгдэхүүнийг борлуулах цогц асуудлыг хуулийн төсөлд тусгаад байна. Мөн бэлчээртэй холбоотой цогц асуудал буюу бэлчээр зохион байгуулалт, усжуулалт, отор нүүдэл гэх мэтийг хуулиар зохицуулахаар УИХ-ын 52 гишүүн хуулийн төслийг өргөн бариад байгаа юм.
- Сэтгүүлч Ж.Алтангэрэл: Хууль санаачлагчдын хувьд малчин өрхийн тоог 20-оос доошгүй байх гэдгийг ямар үндэслэлээр тогтоосон бэ?
- Энэ хуулийн төсөлд тусгагдсан тоо болон бусад бүх зохицуулалтыг ХААИС, МУИС-ийн эрдэмтэн судлаачдын оролцсон баг 2 жилийн турш судлаад, үүний дүгнэлт дээр УИХ-ын ажлын хэсэг 5 сар ажиллаад өргөн баригдаад хэлэлцэгдэж байгаа гэсэн үг. Малаа яаж маллахыг Марксизмаар заалгахгүй гэдэг шиг малчдыг сайн судлахгүйгээр орчин үеийн МАА-н салбарын нөхцөл байдлыг цогцоор нь харахгүйгээр энэ хуулийн төслийг боловсруулах боломжгүй. Ер нь болохгүй байна гэдгийг бид яриад л яваад байсан. Харин энийг шинжлэх ухааны үндэслэлтэй, малчдын санал бодол дээр тулгуурласан, орчин үеийн зах зээлийн шаардлагад нийцсэн ийм хэлбэрээр л өөрчлөн зохион байгуулъя гэсэн санаа юм.
- Сэтгүүлч Ж.Алтангэрэл: Анхдагч холбооны санхүүгийн боломжийг яаж бүрдүүлэх вэ?
Анхдагч холбоо өөрөө өөрийгөө санхүүжүүлэх бүрэн бололцоотой. Сая нэг яриа гараад байна шүү дээ, “70 мянган төгрөгөөр ааруул авчихсан байвал яах уу?” гээд. Гэтэл малчид ааруул, цагаан идээгээ дээд тал нь 20,000 төгрөгөөр өгдөг. Нэмүү өртөг шингээд зарагдахдаа 70,000 төгрөгөөр зарагдаж байна гэсэн үг байгаа биз. Тэгэхээр 50,000 төгрөг хэн дээр нэмэгдэж байна вэ? Энийг харин малчдын анхдагч холбоо зохион байгуулалтаараа Улаанбаатарын иргэдэд нэгдсэн журмаар хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг болвол гуч, дөчин мянган төгрөгөөр зарж болно. Зөрүүгээр нь малчид холбооны ажлаа санхүүжүүлээд явж байхад Улаанбаатарын иргэд хямд үнээр чанартай мах, сүү цагаан идээг хүртэнэ гэсэн үг. Аль алинд нь ашигтай. ХАА-н үйлдвэрлэгчид, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид чанартай түүхий эдийг малчдын холбоогоор дамжуулаад бэлтгэн авах боломжтой. Мөн л энэ нь малчдад ашигтай, үйлдвэрлэгчдэд ашигтай. Цаашлаад үндэсний үйлдвэрлэгчтэй болно, ажлын байртай болно. Ийм учраас олон ажлын зохион байгуулалт малчид буюу өөрсдийнх нь үүсгэл санаачилгаас эхэлж байгаа нь энэ хуулийн онцлог.