Холбоо барих

АРДЫН ҮГ БОЛ АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАХ ЭРХ ЮМ. АРДЫН ЗАСАГ БОЛ ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ ЮМ

АРДЫН ҮГ БОЛ АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАХ ЭРХ ЮМ. АРДЫН ЗАСАГ БОЛ ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ ЮМ

Зөвлөлдөх ардчиллыг бодитой хэрэгжүүлэхийн тулд ардчилал гэдэг үгийн жинхэнэ утгыг зөв ойлгож, хэрэгжүүлэх учиртай. Зөвлөлдөх ардчиллыг зөв ойлгож хэрэгжүүлэхийн учир ардчилал гэдэг үгийн Монголд анх үүссэн түүхэн утгыг хөөж үзэх шаардлага ч гарч байна.   Одоогоос яг 10 жилийн өмнө арванхоёрдугаар сарын 29-ны өдрийн түүхэн ач холбогдлын тухай “Өнөөдөр” сонинд нийтлэл бичиж, хэвлүүлж байж билээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр эхэлж Ардын хувьсгалаар бодит үр дүндээ хүрсэн Монгол Улсын тусгаар тогтнол нь 1911 оноос 1924 он хүртэлх 12 жил үргэлжилсэн хатуу, зөөлөн бодлого, хувьсгалт тэмцлийн үр дүн байсан юм. Тэр үеийн эх орончдын тэмцэл зөвхөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байгаад зогсоогүй жинхэнэ ардчиллын төлөө хувьсгал байсан аж.  

1. 2012 оны арванхоёрдугаар сарын 29. ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨР   1911 оны арванхоёрдугаар сарын 29. Энэ өдөр бол түүхийн онцгой хуудас юм. Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг хаанд өргөмжилж, таван яам бүхий Үндэсний Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан нь 1921 оны Ардын ардчилсан хувьсгалын бодит хөрс болсон юм. Харин 1921 оны ардын ардчилсан хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл болсон билээ.  

2. АРДЫН ХУВЬСГАЛ НЬ ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ БОЛОХ НЬ:  

1. Ардын гурван зарчим Азийн ардчиллын эх сурвалж болсон нь. 1905 он. Хятадын хувьсгалын эцэг Сун Ят Сен Манжийн хаант засгийг түлхэн унагааж Хятадын хувьсгалыг эхлүүлэх зорилготой Хятадын сэргэн мандлын нийгэмлэгийг 1894 онд Хавайд байгуулсан.Тэр үед Хятадын хувьсгалын эцэг Сун Ят Сен үндэсний үзэл ба ардын засаг (ардчилал) гэсэн хоёр зарчмыг тунхаглаж байв. Тэрбээр багадаа Хавайд дүрвэж, англи хэлний боловсрол эзэмшсэн, улмаар Гонконгийн Христийн эмнэлгийн дээд сургууль дүүргэсэн тухайн үедээ барууны боловсролтой, Христийн шашинтай сэхээтэн байв. Харин 1896-1898 онд Европоор аялж яваад ирэхдээ ардын гурван дахь зарчмын тухай санаагаа олж авсан гэдэг. Тэрбээр Ардын гурван зарчмын тухай үзэл санаагаа 1905 онд Брюссельд тунхагласан юм   Сун Ят Сений ардын гурван зарчим нь Америкийн ардчиллын үзэл санаа, Хятадын уламжлал, Европын социалист үзэл санаа гурвын нийлбэр цогц болсноороо гайхамшигтай юм. Тайван, Сингапур, Хятад, Японы хөгжлийн нууц Сун Ят Сений энэхүү үзэл санаатай салшгүй холбоотой.  

1. Mнnzъ (民族主義, Mнnzъ Zhǔyм) Хятадын үндэсний үзэл агуулсан зарчим юм.  

2. Mнnquбn (民權主義, Mнnquбn Zhǔyм) Ардын засаг буюу барууны ардчиллын үзэл санааг агуулсан үндсэн хуульт засаглалын тухай зарчим. Тэрбээр Монтескьюгийн үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтын гурван эрх мэдэл болох хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал дээр нэмж Азийн онцлогтой таван засаглалын онолыг дэвшүүлсэн юм. Хяналт шалгалтын, Сонгон шалгаруулалтын гэсэн хоёр эрх мэдлийг нэмж, таван засаглалын онолоо дэвшүүлсэн нь Тайван, Сингапур зэрэг өнөөдрийн Азийн орны хөгжлийн бодлого болж байна гэж үзэж байна. Хяналт шалгалтын засаглал нь хараат бусаар авлигатай тэмцэх үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага гэж тодорхойлсон. Харин сонгон шалгаруулалтын засаглал нь төрийн албанд хараат бусаар хамгийн шилдэг хүмүүсийг сонгон шалгаруулалтаар шигшиж авснаар төрийн бодлого тогтвортой урт хугацаанд хэрэгжих нөхцөл болно гэж тэрбээр үзсэн байна. Япон, Тайван, Сингапурын хөгжлийн нууц чухамхүү энэхүү 5 засаглалын онолын үзэл санаан дор нуугдаж байгаа бөлгөө.  

3. Mнnshēng (民生主義, Mнnshēng Zhǔyм) энэ бол Европын социал демократ үзэл дээр тулгуурласан нийгмийн халамж ард түмний сайн сайхан аж амьдралын тухай номлол нь Ардын 3 дахь зарчим юм.   Тусгаар тогтнолоо 1911 онд зарлан, олноо өргөмжилсөн Богд хааны төлөөний хүмүүс, Хятад, Японыг хариуцсан тагнуулчид, дипломатчид тухайлбал, Япон Данзан Сун Ят Сентэй уулзаж байсан тухай баримт бий. Ямартай ч тухайн үеийн манж, хятад хэлтэй Монголын сэхээтнүүд Сун Ят Сений хувьсгалын үзэл санаа, ардын гурван зарчмыг судалж байжээ. Хувьсгалчдын хувьд гадаад хүчин зүйлийг харгалзан үзэж, харгалзан зохицох нь ч мэдээжийн чухал байсан байж таараа. Иймээс ч Зөвхөн Октябрийн хувьсгалын нөлөөгөөр бус бас дорны хувьсгалын нөлөөгөөр ардын нам, ардын засаг гэдэг нэрийг бодож олсон ажээ. Хүрээний болон Консулын бүлгэм Ардын нам Ардын засаг нэрийг өгөхдөө энэ бүхнийг харгалзан үзсэн байна.Харин Коминтерний дарамт шахалтаар Ардын засаглалын тухай Ардын намын үзэл санааг МАХН болгож өөрчилснөөс хойших түүхийн тодорхой хугацаанд Ардчиллын анхны үзэл санаа Монголд ирсэн энэхүү түүх дарагдан өнгөрсөн байна.  

3. АРДЫН ЗАСАГ – DEMOCRACY- δημοκρατία (dēmokratнa)   1921 оны Ардын хувьсгал нь үнэн хэрэгтээ жинхэнэ ардчилсан хувьсгал байсан юм.Америк, Европоос Хятадаар дамжин орж ирсэн ардын засаг ардын нам гэдэг нь өнөөгийн democracy буюу ардчилал гэсэн үгийн үндсэн утга байжээ. Харин Ардчилал гэдэг соц үеийн алдаатай орчуулга юм. Социализмын үед ангич үзэл санааны дор ардач гэдэг үгийн үндсээр ардчилал гэж орчуулан хэлж ирсэн болов уу. Гэхдээ нэгэнтээ хэрэглээд тогтсон үг ч яахав, үндсэн утгыг нь алдагдуулахгүй байхсан. Энэ үгийн эх үндэс нь эртний грек үг δημοκρατία (dēmokratнa) (грекээр δημοκρατία (dēmokratнa) — нь Ардын засаг гэсэн утгатай. (оросоор демократия «власть народа» англиар “rule of the people”).dкmosκράτος гэдэг энэ грек үгийг үндсээр нь салгаж үзвэл (dкmos) δῆμος, «people» — «ард» оросоор «народ», «κράτος» (krбtos) — «власть» «засаг» гэсэн утгатай. Хятад хэлэнд ч бас л ардын засаг л гэж орчуулна. (хятадаар Mнnquбn (民 權主義, Mнnquбn Zhǔyм) Аль ч хэлэнд “Ардын засаг” гэсэн утгатай л буусан байгаа. Өөрөөр хэлбэл хаант засаг ч бус, хэсэг бүлгийн эсвэл олигархи бүлэглэлийн аристократ засаглал бус ард түмний засаглал гэсэн утга юм.

Америк, Япон, Европоор аялж судалж, Хонгконгот дүрвэн суусан Сун Ят Сен 1905 онд Брюссельд Ардын гурван зарчмын тухай хувьсгалын үзэл санаа философио тайлбарлаж, үг хэлэхдээ Ардын засаг, ардын нам гэсэн утга санааг хятад, манж хэлэнд анх оруулж ирсэн. Манжийн Хаант засгийг түлхэн унагааж, Ардын засаг тогтоох нь түүний номлосон Хятадын үндэсний ардчилсан хувьсгалын гол зорилго байжээ. Эндээс дамжиж Монголын тухайн үеийн хятад, манж хэлтэй сэхээтнүүд ардын засаг, ардын нам гэдэг утгаар Монголд 1919 оноос нэвтрүүлж, Манж, Хятадын дарангуйллаас тусгаарлах үзэл санаагаа болгосон гэдэг нь олон баримтаар баталж буй. Түүний ардын гурван зарчим, үндсэн хуулийн таван эрх мэдлийн засаглалын номлол нь Япон, Солонгос, Хонгконг, Сингапур, Тайван зэрэг Азийн бар улсууд, өнөөгийн Хятадын хөгжлийн нууц загвар болсон гэж үзэж болох юм.Өнөө үеийн Монголын ардчилалд ч тогтвортой байнгын засаглал болох төрийн албыг үндсэн хуулийн нэг эрх мэдэл болгох шаардлагатай байна.  

Авраам Линкольны хэлсэн “Хүний төлөө, хүнд, хүнээр” гэсэн ардчиллын тухай алдарт ишлэлийн утга нь Монгол хүний төлөө, монгол хүнд үйлчилдэг, монгол хүнээр асуудал шийдүүлдэг ардын засаг, төр гэж ойлгогдоно. Монгол Улсын өнөөдрийг ч, ирээдүйн хөгжлийн бодлогыг ч монголчууд, Монгол Улсын иргэд л тодорхойлох учиртай. Гэтэл өнөөдөр Монголд ардын засаг биш фракц бүлэглэлийн засаг, мөнгөн харилцааны засаг тогтчихоод байна.Төлөөллийн ардчилал нь ард түмнийг төлөөлж, засаглах үүргээ биелүүлэхгүй байна. Харин өнгө мөнгө, сонгуулийн луйвар санал худалдаж авах замаар ихэвчлэн бүрдсэн фракц бүлэглэлийн үзэл санаагүй нэгдэл боллоо. Төлөөллийн ардчилал болохгүй байна гэж ойлгоод уу эсвэл зүгээр шоу болов уу, шууд ардчилал иргэдийн оролцоо гэж баахан сурталдсан ч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болж байна. Учир нь, төлөөллийн ардчилал, шууд ардчилал хоёр нь харилцан нэг нь нөгөөгөө үгүйсгэдэг учир зэрэгцэн хослон орших боломж хязгаарлагдмал юм. Харин зөвлөлдөх ардчилал бол алинтай ч хослон хэрэгжих боломжтой. Жинхэнэ ардын засаг бол зөвлөлдөх ардчилал юм. Ардын засаг бол зөвлөлдөх ардчилал юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл