Холбоо барих

Г.Занданшатар: Ард түмний зөвлөлдөж гаргасан шийдвэр ямагт зөв байдаг

Г.Занданшатар: Ард түмний зөвлөлдөж гаргасан шийдвэр ямагт зөв байдаг

-Таны санаачлан өргөн мэдүүлсэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл батлагдлаа. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ямар ч хэрэггүй хуулийн төсөл хэлэлцүүлж байна” хэмээн шүүмжилж байсан. Энэ хуулийн ач холбогдлын талаар та ярихгүй юу?

-Төрийн аливаа шийдвэр гарахад ард түмний санаа бодол, олон түмний хүсэл эрмэлзлийг тусгах зайлшгүй шаардлагатай. Энэ бол ардчиллын суурь зарчим. 

Өөрөөр хэлбэл, төрийн бодлого, шийдвэрийг гаргахдаа ард олныхоо хүсэл зориг, санал бодолд тулгуурлах ёстой. Нэг хүн, нэг хэсэг бүлгийн эрх ашиг сонирхолд нийцэх учиргүй. Зөвлөлдөх ардчилал үүний гүүр нь болох юм. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн санг захиран зарцуулахдаа сумын иргэдээс асуухгүйгээр Засаг дарга өөрийн үзэмжээр зарцуулчихлаа, ард түмний хүсэл эрмэлзэлд нийцсэн байдлаар шийдсэнгүй гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг зарцуулахдаа эхлээд олон түмэнтэйгээ зөвлөлдөхийг хэлж байгаа юм.  

-Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Яг ийм утга агуулгатай хууль өмнө нь нэг бус удаа батлагдсан санагдаж байна?

-Хууль ердийн журмаар хэрэгжинэ. Ард нийтийн санал асуулгын тухай хууль бол энэ хуулиас тэс өөр.Монгол Улс түүхэндээ ганцхан удаа ард нийтийн санал асуулга явуулсан байдаг. Тэр нь 1945 он. Шууд ардчилал-иргэний оролцоо нь ард нийтийн санал асуулгын механизм бөгөөд Швейцарь улсад байдаг. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ хуульчлаагүй байсан юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслөөс Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль юугаараа давуу талтай вэ?

-Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл бол Үндсэн хуулийн 3.1-т заасан иргэдийн төрд оролцох шууд оролцоог хангасан чухал ач холбогдолтой байсан. Харамсалтай нь, энэ хуулийн төслийг гишүүд дэмжээгүй. УИХ-ын гишүүд төлөөллийн байгууллагуудын чадамж, хүлээн зөвшөөрөгдөх байдалд сөргөөр нөлөөлнө гэж шүүмжилж байсан учраас энэ төсөл дэмжигдээгүй. Миний хувьд энэ төслийг иргэдийн оролцоог хангах талаасаа зүйтэй гэж үзэн дэмжиж байсан. Парламентын баталсан хуулийг санаачлагчийн бүлэг гарын үсэг цуглуулаад цуцлах заалт байсан л даа. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль нь орон нутгийн хөгжлийн сангийн тухай ард түмэн судлаачдын санал дүгнэлтийг иргэдийн санал бодолтой холбосон зохицуулалтыг уламжилж гаргадаг механизм болж байгаагаараа илүү давуу талтай. Ард түмний гаргасан зөвлөмжийг хүлээж авахгүй байвал учир шалтгааныг нь тайлбарлах шаардлагыг шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүдэд тавьж байгаагаараа улс төрийн өнөөгийн механизмтай илүү уялдаж байгаа. 

-Суманд энэ хуулийг яаж хэрэгжүүлэх боломжтой вэ. Хэдээс дээш хүн амтай сум ийм санал асуулга явуулж болох юм бэ?

-Хууль болон онолын шаардлага нь төлөөлөх чадварыг хангасан байх ёстой юм. Статистик, социологийн шинжлэх ухааны төлөөлөх чадвар буюу санамсаргүй түүврийн аргаар төлөөлөх чадварыг бүрдүүлэх математикийн онол дээр үндэслэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн сумын нийт иргэдийг төлөөлж чадахуйц төлөөллийг түүврийн аргаар гаргаж ирдэг. Тухайлбал, судалгааны компаниуд ард түмэн энэ асуудлыг ингэж үзэж байна гээд судалгааны дүн танилцуулдаг. Энэ судалгааг санамсаргүй түүврийн аргаар хүмүүсийг сонгож судалгаа авсан байдаг юм. Санамсаргүй түүвэр гэдгийг утгачлан орчуулбал “солонгоруулан сонгох” гэсэн үгтэй дөхөж очно. Өөрөөр хэлбэл, солонгын долоон өнгө шиг байдал нийгэмд байвал долууланг нь оролцуулах хэлбэр. Социологийн судалгаагаар бүх ард түмнээс асуухгүйгээр тодорхой хүмүүсээс математик статистикийн аргыг үндэслээд сонгож авч асуулга явуулах нь илүү үр дүнтэй байдаг. Энэ аргыг үндэслээд сонгогчдыг төлөөлөх чадвартай хүмүүсийг сонгоод сумын, аймгийн, улсын төвшинд ч иргэдийг төлөөлж чадахуйц дуу хоолойг сонсоно гэсэн үг. Гэхдээ дуу хоолойг хий хоосон сонсоод өнгөрөхгүй. Яагаад гэвэл, гурван сая иргэнийг мэдээлэлтэй болохыг хүлээгээд асуудал шийдэхэд цаг хугацаанаас эхлүүлээд хэцүү. Харин мэдээлэлтэй болгож байгаад асуудлыг шийдвэл илүү үр дүнтэй байна. Энэ нь нэг талаараа иргэдийн оролцоог хангаж байгаа явдал юм. Дарга нарын шийдвэр ашиг сонирхлын зөрчилтэй гарч байна гэх шүүмжлэл нийгэмд байдаг. Нөгөөтэйгүүр намын хүсэл зоригт үндэслэж шийдвэр гарч байна ч гэх нь бий. Үүний цаана ард түмэн орхигдоод байна. 

-Санамсаргүй түүврийн аргаар сонгосон хүмүүс үнэхээр ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж чадах болов уу?

-Зөвлөлдөх санал асуулга эхлэл нь байгаад зөв хэрэгжиж чадвал ард түмний дуу хоолойг төрийн бодлого шийдвэрт бодитой тусгах юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг танил талдаа ч юм уу, хамаатан садандаа өгч буруу зөрүү ашиглалаа гэх шүүмжлэл байдаг. Тэгвэл орон нутгийн хөгжлийн санг зарцуулахдаа зөвлөлдөх санал асуулгаар явуулж болно. Өөрөөр хэлбэл, бөөнөөрөө сууж байгаад зөвлөлдөөд нууц санал хураалт явуулж асуудлыг шийдэж болох юм. Сургуулийн тоглоомын талбай барих төсөл ийм өртөгтэй, ач холбогдол нь ийм байна, бэлчээр хамгаалах ийм төсөл байна гэх мэтээр мэргэжлийн хүмүүс нь танилцуулж, үүнийгээ ард түмний санаа бодолтой уялдуулж хийвэл илүү ухаалаг шийдвэр гарна.

-Тухайлсан нэг асуудалд аймаг бүрээс төлөөлөл оролцуулж болох уу. Санамсаргүй түүврийн аргаар иргэдийг сонгохдоо ямар шалгуур үзүүлэлттэй байх вэ?

-Нийт олонлогоор нь авч үзнэ. Жишээлбэл, сумын төвшинд хийж байвал нийт олонлог нь сумын иргэд болно. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй, нас, хүйс, малчин, тариачин гээд бүх төлөөллийг хамруулсан байх ёстой. Суманд ийм төлөөллийг бүрдүүлэхэд харьцангуй хялбар. Аймгийн хэмжээнд гэвэл бүх сумыг хамруулна. Өөрөөр хэлбэл, бүх сумын олонлогоос санамсаргүй түүврийн аргаар хүмүүсээ сонгож авна. Гэхдээ суманд ижил төстэй чанарууд бий. Манайхан төлөөлөх чадвар гэхээр сум бүрээс заавал нэг хүн байх ёстой гэдэг. Сумын хүн ам буюу нийт олонлогийн хэдэн хувь нь малчин байна вэ гэдгийг авч үзэх ёстой. Малчдын нийтлэг эрх ашгийг төлөөлж чадахуйц эрэгтэй, эмэгтэй, нас хүйс, үзэл бодлыг төлөөлж чадахуйц олонлогийг санамсаргүй түүврийн аргаар сонгодог. Тэр нь шинжлэх ухааны үндэстэй. Тухайлбал, 500 сая хүнээс 500 хүнийг төлөөлж сонгож болно гэж үздэг. 

Манайхан төлөөлөх чадвар гэхээр сум бүрээс заавал нэг хүн байх ёстой гэдэг. Сумын хүн ам буюу нийт олонлогийн хэдэн хувь нь малчин байна вэ гэдгийг авч үзэх ёстой. Малчдын нийтлэг эрх ашгийг төлөөлж чадахуйц эрэгтэй, эмэгтэй, нас хүйс, үзэл бодлыг төлөөлж чадахуйц олонлогийг санамсаргүй түүврийн аргаар сонгодог. Тэр нь шинжлэх ухааны үндэстэй. Тухайлбал, 500 сая хүнээс 500 хүнийг төлөөлж сонгож болно гэж үздэг. 

-Олон улсад санамсаргүй түүврийн аргыг хэрхэн хэрэглэдэг вэ. Манайхтай ижил төстэй улсуудад яаж хэрэгждэг юм бол?

-Манайх нэг үндэстэн улс. Олон үндэстэнтэй, олон хэл соёлтой улсуудад төлөөллийг хангах маш хэцүү байдаг. Тухайлбал, АНУ-д гэхэд испани, өнгөт арьстай гэдэг ч юм уу яс үндэс, боловсролын төвшнөөрөө ялгаатай учраас санамсаргүй түүврийн аргыг ашиглахад үзэл бодол өөр байдгаас хүндрэлтэй. Манайд яагаад тохиромжтой вэ гэхээр харьцангуй цөөн бүлэгт хуваагддаг. Малчид гэхэд л нийтлэг нэг эрх ашигтай байх жишээтэй. Монгол Улс 200 мянган малчинтай гэж үзэхэд тэднийг 100 малчин хангалттай төлөөлөх боломж бий. Нийтлэг асуудал, үзэл бодол, эрх ашиг нь нэг учраас бололцоотой гэж үзээд байгаа юм. Харин ахмадуудын хүсэлт эрмэлзэл, нийгмийн асуудал төстэй мэт боловч үзэл бодол өөр байж болно. Тиймээс 200 мянган ахмадыг 100, 200 хүн төлөөлж чадах уу гэдгийг шинжлэх ухааны нарийн статистик судалгаанд үндэслэж гаргаж ирнэ. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын тоонд эзэлж байгаа иргэдийн 20 хувь малчин байвал нийт бүрэлдэхүүний буюу түүвэр сонголтын 20 хувь нь малчин байна гэсэн үг. Сумын төвшинд нийгмийн ялгаа, үзэл бодол АНУ эсвэл Улаанбаатар хотынх шиг өргөн хүрээнд биш учраас түүврийн аргыг ашиглах нь хүндрэлтэй асуудал биш. Аймгийн төвшинд ч мөн ялгаагүй. 

-Аймаг, сумын төвшинд түүврийн аргыг ашиглах бүрэн боломжтой гэлээ. Тэгвэл улсын хэмжээнд ямар байдлаар зохион байгуулбал үр дүнтэй вэ?

-Улсын хэмжээнд гэвэл сум, аймгийн төвшнөө бодвол арай ажиллагаа ихтэй. Тухайлбал, нэг танхимд 500  хүн цуглаад жижиг бүлгүүдэд хуваагдан тухайн асуудлыг нухацтай хэлэлцэнэ. Жижиг бүлгүүдэд малчдын, нийгмийн анги давхаргын төлөөлөл оролцоод нарийвчлан хэлэлцэнэ гэсэн үг. Тэгэхээр 500 хүн бүх нийгмийн бүлгүүдийг төлөөлж, зөвшилцлийн гэрээ байгуулж чадахуйц төлөөллийг бий болгож байна. Гэхдээ энэ харьцангуй сум, аймгаасаа арай илүү нарийн тооцоо судалгаа шаардана. Харин олон үндэстний улсуудаа бодвол хамаагүй хялбар. Жишээлбэл, бүх Европын орнууд цуглаад асуудлыг шийддэг байвал илүү төвөгтэй. Гэхдээ хэлэлцэх асуудлаасаа бас хамаарна л даа. Тухайлбал, Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэхэд бүх анги давхаргыг төлөөлж чадахуйц төлөөлөл байх ёстой. Энэ бол сонголтын процесс. Сонгогдсон хүмүүс Монголын ард түмнийг төлөөлж чадахуйц бүрэлдэхүүнийг бий болгоно гэсэн үг. Яагаад гэхээр бүх ард түмнийг тухайн асуудлаар мэдээлэлжүүлээд ойлголттой болгож байж шийдвэр гаргах ёстой. Иргэд бүрэн мэдээлэл авч чадаагүй байхад нь санал асуулга явуулбал ихэнхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад нийгмийн тогтолцооныхоо эсрэг санал өгдөг. Хүн болгон математикч байх албагүй гэдэг шиг иргэн бүр Тавантолгой, Оюутолгой, Үндсэн хуулийг мэдэх албагүй. Тухайлбал, Үндсэн хуулийг хүн бүр мэдэхгүй байж болно. Хүн бүр улс төрийн шинжлэх ухааны доктор биш учраас эрх мэдлийн тэнцэл, хуваарилалт, парламентын засаглалын давуу талыг судлаагүй байж болно. 

Г.Занданшатар: Ард түмний зөвлөлдөж гаргасан шийдвэр ямагт зөв байдаг

-Энэ тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар сонгосон хүмүүсээ мэдээллээр хангах ёстой гэсэн үг үү?

-Санал асуулгад оролцох 500 хүнээ цуглуулж байгаад эсрэг тэсрэг бүх байр суурийн мэдээлэл өгвөл иргэд ухамсартай сонголт хийж чадна. Нийгмийг төлөөлж чадахуйц бүх хүмүүсийг цуглуулж ийм мэдээллээр хангасны дараа тэд санал асуулга өгнө. Саналаа өгөхөөс өмнө тэд бүлгүүдэд хуваагдаж, мэдээллээр хангагдах ёстой. Нийгмийн шинжлэх ухаанд гурван онол байдаг. Зохистой үл тоомсорлох хандлага гэж бий. Энэ нь “Би ажилтай, амьдралтай юун тэр Үндсэн хуулийн өөрчлөлт. Үүнийг төр засгийн удирдлагууд л шийддэг юм байгаа биз” гэх хандлага. Ард нийтийн санал асуулгаар “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэж асуухад жирийн нэг иргэн “Надад хамаагүй. Би тусдаа ажил, амьдралтай хүн” гэх хандлага гаргаж болно. Үүнийг санаатай үл тоомсорлох хандлага гэдэг. Гэтэл заавал хариул гээд санал асуулга явуулбал аль нэгийг нь дугуйлдаг. Яагаад гэвэл хүн мэдэхгүйгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр энэ сонголт бол сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдсэн зүйл болдог. Гэхдээ энэ нь тухайн хүний буруу биш. Тэр хүн улс төр сонирхдоггүй инженер хүн байж болно. Энэ бол дэлхийн социологийн эрдэмтэд баталчихсан хоёр онол юм. Нийгмийн социологи, сэтгэхүйн хүрээнд хийсэн судалгаанууд орчин үеийн фэйсбүүк, твиттерт гардаг хандлагыг судалчихсан байна. Ард нийтийн санал асуулга ийм түүхтэй байдаг. Харин зөвлөлдөх гэдэг үг эртний Грекээр ойлгож, ухаарах гэсэн утгатай. Хүн ярилцахаараа илүү ухаардаг юм байна. Өмнөхөөсөө бүр илүү ойлголттой болно. Манайд шинжлэх ухааны нэр томъёо болж тогтоогүй. Ард түмэн маш ухаантай, хүн бүр адилхан тархитай ч мэдээллийн л ялгаа байдаг. 
Сонголтоо бүрдүүлчихлээ, хоёр дахь процесс нь зөвлөлдөх санал асуулга гэхээр парламентын засаглалыг хамгаалагч нар байлаа гэж бодъё. Эрдэмтэн судлаачид нь төсөл саналаа танилцуулна. Нөгөө тал нь өөрийнхөө үзэл бодлыг хамгаална. 500 хүн цуглуулчихаад нэг талын мэдээлэл өгөлгүйгээр олон талаас нь эерэг, сөрөг бүх талын тэнцвэртэй мэдээллээр хангах ёстой. 

-Олон нийтэд нэг талын мэдээлэл өгөх бус олон ургальч байдлаар хандах нь тэднийг оновчтой шийдвэр гаргахад нөлөөлнө гэж бодож байна. Энэ тухайд?

-Төлөөллүүдэд харьцуулж шийдэх боломж олгодог. Энэ нь мэтгэлцээний зарчмаар өрнөх жишээтэй. Нөгөөтэйгүүр тэнцвэртэй байх, бодитой байх, хяналт тавих, зөвлөлдөх зөвлөл байгуулж хянах зэрэг зарчмыг хуульд тусгаж өгсөн. Санамсаргүй түүврийн аргаар сонгосон хүмүүстээ мэдээлэл өгсний дараа 8-15 хүний бүрэлдэхүүнтэй жижиг бүлгүүдэд хувааж зөвлөлдөнө. Үүнийг мөн л 500 хүн дотроо санамсаргүй түүврийн аргаар хийнэ. Тухайлбал, нарийн, өргөн царигтай төмөр замын талаар сэдэв байя гэж бодъё л доо. Нийтийн хурлаасаа бүх талын мэдээллийг авсан хүмүүс жижиг бүлэгт хуваагдан задалж ярилцана гэсэн үг. Ийм жижиг бүлэгт хуваагдахаараа хүмүүс санал бодлоо хэлж, ойлгохгүй байгаа зүйлээ асуудаг юм байна л даа. Эндээс асуултууд гарч ирнэ. Гаргаж ирсэн асуултынхаа хүрээнд дахин нэгдсэн хурал хийж, асууна. Өөрөөр хэлбэл, хурлын танхимд замбараагүй олон асуулт асуухгүйгээр бүлгүүд бэлдсэн асуултаа асууна. Нэг ёсондоо бүгд ойлгож, ухаарчихсан учраас мэдэхгүй зүйлээ асууна гэсэн үг. Тэгэхээр тодорхой бус байсан зүйлүүд тодорхой болно. Ийм мэдээлэлтэй болсныхоо дараа хүмүүс аль хувилбарыг нь сонгох вэ гэх санал асуулгад оролцоно. Үр дүн нь маш сайн байна.  Ард түмнээ төлөөлж байгаа учраас  хариуцлагатай хандана. Хэсэг бүлэг улстөрчид эрх ашгийн зөрчилтэй шийдвэр гаргадаг бол ард түмэн ямагт үнэн зөв шийддэг. Үүнийг дэлхий дахины түүх баталсаар ирсэн. Монголын өнгөрсөн 26 жилийн түүхээс аваад үзсэн ч АИХ-ын депутатууд цуглаад хэлэлцэж гаргасан шийдвэр нь хамгийн зөв байсан. Тиймээс иргэдийг мэдээлэлтэй болгоод асуудлаа шийдэх юм бол гацаад байгаа Оюутолгой, Тавантолгойн асуудлыг үнэн зөвөөр шийдэж чадна. 

-Тухайлсан хуулийн хэлэлцүүлгийн шатанд ийм санал асуулга явуулж болох уу?

-Болно.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл