Холбоо барих

ХӨГЖЛИЙН АМИН СҮНС НЬ ЗӨВ АРДЧИЛАЛ, УУРАГ ТАРХИ НЬ УХААЛАГ ТӨР, МАХБОДЬ НЬ 5 ЗАСАГЛАЛ ЮМ

ХӨГЖЛИЙН АМИН СҮНС НЬ ЗӨВ АРДЧИЛАЛ, УУРАГ ТАРХИ НЬ УХААЛАГ ТӨР, МАХБОДЬ НЬ 5 ЗАСАГЛАЛ ЮМ

ЭДИЙН ЗАСГИЙН  ЗОХИСТОЙ УДИРДЛАГА БУЮУ САЙН ЗАСАГЛАЛ  

Хөгжлийн бодлогын талаарх судалгаа маань Азийн найман улсын хөгжлийн бодлогын загвар дээр үндэслэсэн. Зүүн Азийн орнууд эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх засаглалын загвар сонголтын тухай судалгааны хүрээнд Зүүн өмнөд Азийн  найман орныг хамруулж гурван хэсэгт хуваасан. Нэгдүгээр хэсэгт, Япон, Сингапур, Солонгос, Хонгконг  болон Тайвань улсууд хамрагдана. Тодруулбал, хөгжлийн төвшин, хүний хөгжлийн үзүүлэлтээрээ нэгдүгээр ангилалд багтах Япон, Солонгос, Тайвань, Сингапур  гэсэн дөрвөн улсын хөгжлийн адил төстэй ба ялгаатай чанарыг харьцуулж судалсан. Мөн хөгжлийн төвшнөөрөө хоёрдугаар зэрэглэлд явж буй Тайланд, Малайз, Индонез зэрэг улсын засаглалын адил төстэй шинж чанарыг харьцуулсан юм.  

Гуравдугаарт, хүний хөгжлөөрөө хоцорч яваа Филиппин улсын бодлогын алдааг харьцуулсан.  

ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН БОДЛОГО  

Хөгжлийн нэгдүгээр загварт орсон улс орнууд экспортод суурилсан үйлдвэрлэлийн эдийн засгийн бодлого хэрэгжүүлснээр Зүүн өмнөд Азийн орнууд дотооддоо хуримтлал, сайн дэд бүтэц болон хэрэглээний эдийн засгийн тогтоцыг үүсгэн байгуулж чадсан. Япон улсын загвар дээр БНСУ болон Тайвань гэх мэт улсууд хөгжлийн сууриа тавьсан байна. Хоёрдугаар хэсэг, Малайз, Индонез болон Тайланд улс нь Японы үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нийлүүлэх орнууд болсон бөгөөд нэгдүгээр хэсэгт орсон улсуудтай харьцуулах юм бол харьцангуй хөгжлийн төвшин доогуур. Эдгээр улс Солонгосын 1990 оны эдийн засгийн хөгжлийн төвшинд хүрэхийн тулд Малайз 17 жил, Тайланд 22 жил, Индонез 44 жилийг зарцуулжээ.  Гурав дахь бүлэгт Филиппин улс хамрах бөгөөд баялаг ихтэй энэ улс харьцангуй чөлөөт улс төрийн тогтолцоо, либерал эдийн засгийн бодлогын үр дүнд орлогын ялгаа асар өндөртэй, хөгжлөөс эхний хоёр хэсгээсээ хоцрогдсон улс болсон.  

ЭДИЙН ЗАСГИЙН ЗАСАГЛАЛ БОЛОН ҮЗҮҮЛЭЛТ: ХӨГЖЛИЙН ОНОЛ  

Засаглалын бодлого боловсруулахын тулд төр бие даасан байдалтай байх шаардлагатай.  Хэрэв төр нь катализаторын үүрэг гүйцэтгэж байгаа бол тухайн улс бие даасан стратегийн болон тактикийн төлөвлөлт хийх чадавхитай байх ёстой. Харин өнөөдрийн Монголын хэт чөлөөт улс төрийн тогтолцооны үр дагаварт Филиппин улсын загварын араас дагаж байна гэж дүгнэж болно.   Эдийн засгийн хохиролгүйгээр төрийн бие даасан байдлыг хангахын тулд гурван нөхцөл бүрдсэн байх зайлшгүй шаардлагатай.   Нөхцөл нэг: Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг урт хугацааны зорилго тодорхойлох чиглэлд хандуулах, тэдний тэргүүлэх чиглэлийг тодорхойлох ажлыг зохион байгуулах. Үүнээс гадна, эдийн засгийн урт хугацааны бодлогыг тодорхойлох төрийн байгууллагатай байх шаардлагатай юм. Япон Улс 1949 онд Олон улсын худалдаа, үйлдвэрлэлийн яамаа байгуулж байсан. Энэ яам нь тус улсын эдийн засгийн урт хугацааны зорилт болон тэргүүлэх чиглэлийг 52 жилийн турш тогтвортой тодорхойлж ирсэн байдаг.   Нөхцөл хоёр: Төрийн албаны нэр хүнд: төрийн алба нь нэр хүндтэй олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн байх ёстой. Хэрвээ тийм байж чадах юм бол чадвартай, өндөр мэргэшсэн залуучуудыг төрийн албанд татах боломж бий болдог.   Нөхцөл гурав:  Төрийн албанд шударгаар ажиллуулах нөхцөл байдлыг хангаж меритийн тогтолцоог гуйвалтгүй бүрдүүлэх шаардлагатай юм. Жишээ нь, цалин хангамж сайтай байх, ажлын үр дүн ажилласан хугацаагаар зэрэг дэв дэвших, шагнал урамшуулал хүртэх хатуу зарчимтай, тогтвортой чанд төрийн албатай байх нь хөгжлийн нэг чухал үндэс болдог.  

ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ЗАГВАРУУДЫГ ХАРЬЦУУЛАХАД  

Сун Ят Сений ардын гурван зарчим нь Америкийн ардчиллын үзэл санаа, Хятадын уламжлал,  Европын социалист үзэл санаа гурвын нийлбэр цогц болсноороо гайхамшигтай юм. Тайвань, Сингапур, Хятад, Хонгконг, Японы хөгжлийн нууц Сун Ят Сений энэхүү үзэл санаатай салшгүй холбоотой. Ардын засаг буюу барууны ардчиллын үзэл санааг агуулсан Үндсэн хуульт засаглалын тухай зарчим. Тэрээр Монтескьюгийн Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтын гурван эрх мэдэл болох хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал дээр нэмж Азийн онцлогтой таван засаглалын онолыг дэвшүүлсэн юм. Хяналт шалгалтын,  Сонгон шалгаруулалтын гэсэн хоёр эрх мэдлийг нэмж таван засаглалын онолоо дэвшүүлсэн нь Тайвань, Сингапур зэрэг өнөөдрийн Азийн орны хөгжлийн бодлого болж байна гэж үзэж байна. Хяналт шалгалтын засаглал нь хараат бусаар авлигатай тэмцэх үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага гэж тодорхойлсон. Харин сонгон шалгаруулалтын засаглал нь төрийн албанд хараат бусаар хамгийн шилдэг хүмүүсийг сонгон шалгаруулалтаар шигшин авснаар төрийн бодлого тогтвортой урт хугацаанд хэрэгжих нөхцөл болно гэж тэрээр үзсэн байна.   Манайд 1923 оны нутгийн захиргааны дүрэмд Сун Ят Сений засаглалын онолын  үзэл санаа нуугдаж байдаг. Тэр үед ноёд хаадын эрх мэдлийг хязгаарлаж, зөвхөн сонгогдож гарч ирсэн хүмүүс нутгийн хурал, улсын Засгийн газарт ажилладаг байж. Ардын засгийн үед хүнд тал тохой зассан хүнийг өөрийг нь болон сонгосон этгээд хоёуланг нь төрийн хэргийг санаатайгаар унагаасан гэж ял цааз өгдөг байжээ.  

ӨРНӨ, ДОРНЫН УЛАМЖЛАЛЫГ ХОСЛУУЛАХ НЬ

  Монгол уламжлалыг, өрнө дорны ухаантай хослуулсан үндэсний хөгжлийн үзэл санааг тодорхойлж, зөв бодлогыг зөвлөлдөж нэг мөр шийдээд нэг Монгол нэг зүгт тууштай замнах нь Монгол Улс Азийн баруудыг гүйцэн түрүүлж хөгжлийн хурдан хүлэг болох хөгжлийн бодлогын амин сүнс мөн.   Дээр дурдсан нэгдүгээр ангилалд байгаа таван улс, дээр нь Хятад улс нь зөвхөн өрнийн ардчиллын механизмыг шууд хуулбарлан аваагүй. Дорнын Күнзийн сургаальтай, өөрийн гэсэн онцлогтой хослуулаад үндэсний хөгжлийн гарцыг тодорхойлсон. Төрийн сүлдээ дээдэлдэг Азийн хууль дээдлэх ёс гэж зан заншлын эрх зүйн хэм хэмжээ гэж бий. Энэ нь барууны загвараас арай өөр үндэсний онцлог соёлд тулгуурласан байх жишээтэй. Энэ бол хууль дээдлэх зарчим. Энэ таван улс урт хугацааны бодлогоо боловсруулж хэрэгжүүлдэг механизмыг нь эхлээд хуульчилж өгсөн. Жишээ нь, Япон улс. Тус улсад 1949 онд байгуулагдсан Олон улсын худалдаа эдийн засгийн яам 52 жилийн турш огт өөрчлөгдөөгүй. Нэр нь хүртэл шүү. Гэтэл манайд Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо байгуулж, дараа нь Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан ч одоо аль, аль нь алга. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бараг л 25 яам байгууллаа. Энэ хугацаанд төрийн албаны чадамж, уламжлал нь үгүй болсон. Японд 52 жилийн турш тасралтгүй ажиллаж, бодлого төлөвлөсөн яам нь үндэсний хөгжлийн бодлогоо боловсруулж, хэрэгжүүлж, тогтвортой сахиж байна. Ямар ч нам, улс төрөөс хараат бусаар төрийн албаны машин механизм тууштай ажиллаж байгаагийн жишээ. Энэ бол Сун Ят Сенийн таван засаглалын онолын Японы загвар юм. Тус улс дайны дараа буюу Олон улсын худалдаа эдийн засгийн яам байгуулагдсан эхний 10 жилд гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд шилдэг болсон.  Гантай болсон улс дараа нь машин үйлдвэрлэж эхэлсэн. Ингээд Тоёота, Ниссан гээд дэлхийд нэртэй машинуудыг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргасан. Дараагийн 10 жилд нэмүү өртөг шингэсэн электрон бараа үйлдвэрлэж гаргасан байх жишээтэй. Ингэж 10,10 жилээр дэс дараатай ажиллажээ. Үүнийг тухайн үед төлөвлөлтийн эдийн засаг гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Мишель Камдюсю хэлж байсан. Дээрх таван засаглалыг Үндсэн хуульд л суулгах ёстой юм. Хяналт шалгалт нь л гэхэд манайхаар бол Авлигатай тэмцэх газар, Аудитын газраар хэмжигдэхгүй. Энэ бол төрийн машин шударга ажиллах иж бүрэн механизм юм.  

МОНГОЛЫН ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛ

  Монгол Улс хууль эрх зүйн соёл урт түүхтэй бөгөөд Монголын зан заншлын хууль нь  Зүүн Азийн хоёрдахь  хуулийн гайхамшигт тогтолцоо юм гэж хууль зүйн шинжлэх ухааны нэртэй эрдэмтэд дүгнэсэн байдаг. Тухайлбал эрдэмтэн В.А.Рязановский “Монгол хуулийн суурь зарчмууд” номондоо ийнхүү дүгнэж бичсэн байдаг. Зүүн Ази дахь хамгийн аугаа зан заншлын хуулийн тогтолцооны нэг нь төр дээдлэх ёс уламжлалаас эхтэй гэсэн нь ч бий. Төр дээдлэх буюу хуулийн засаглалын Ази хэлбэр соёл нь Монголын хуулийн эрх зүйн соёл, уламжлал юм. Монголын зан заншлын хуульт ёс нь  Монголын төрт ёсны тогтолцооны хөгжилтэй салшгүй холбоотой.   Чикагогийн их сургуулийн нэртэй эрдэмтэн Том Гинсбургын Монголын төрт ёсны уламжлал Азийн орнуудын Үндсэн хуулийн шүүхийн талаарх бүтээлдээ “Монгол Улс хууль эрх зүйн урт түүхтэй бөгөөд Монголын зан заншлын хуулийг эрдэмтэд  Зүүн Азийн хоёрдахь  хуулийн гайхамшигт тогтолцоо гэж нэрлэсэн байдаг. ОХУ-д сүүлийн үед Монголын төрт ёсны уламжлалаас Оросын төрт ёс үүссэн гэсэн үзэл хандлага ихэд дэлгэрч буй. Г.А.Тюньдешевийн аугаа их хаан Бат-Оросын  төрт ёсыг үндэслэгч гэдэг ном ч Орос улсад гарч шуугиан тарьж буй.  

 

ЧИНГИС ХААНЫ ТӨРТ ЁСНЫ УДИРДЛАГЫН НУУЦ

  Их Монгол Улсыг байгуулж, дэлхийн талыг эзэлсэн Чингис хааны удирдлагын ухааны нууц, монгол төрийн уламжлал нь төрөл садан, найз нөхөрлөлийн хүрээллээр бус зөвхөн ур чадвар, гавьяат үйлсээр нь үнэлж чухал албанд томилж, Их бага хуралдай, Есөн өрлөг зөвлөлдөж их хэргийг бүтээдэг байсанд оршдог. Үүний тод жишээ бол Чингис хаан өөрийнх нь хүзүүг харвасан онч мэргэн Зэвийг Их цэргийн жанжнаа болгож хөрш зэргэлдээ орнуудыг эзлүүлэн, эцгийг нь хорлосон татар аймгийн Шихихутагийг их заргачаар томилж Монгол гүрний анхны үндсэн хуульчилсан цааз Их засгийг баталж, Уйгарын Тататунгаг тамга түшигч бичгийн их түшмэлээр өргөмжилж Монголын анхны бичиг босоо үсгийг зохиожээ. Мөн тэрээр Чу Мэргэн буюу “Урт сахалт” хэмээн алдаршсан Елюй Чуцайг Монголын эзэнт гүрний төрийн зүтгэлтэн, хааны зөвлөх, эрдэмтэн зохиолчоор өргөжээ. Ингэж Монголын эзэнт гүрний засаг захиргааны тогтолцоог буй болгож, Марко Полог шагнаж Их гүрний суу алдрыг дэлхий даяар тэр үед ч, одоо ч түгээж байна.  

ХӨГЖЛИЙН ОНОЛЫН МОНГОЛ УЛАМЖЛАЛ

  Үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын сонголт хийх, зорилго дэвшүүлэх, шинэ санаа дэвшүүлэн хэрэгжүүлэхэд доод тал нь засаглалын таван нөхцөл, шийдвэр гаргах орчин бүрдсэн байх ёстой. Үүнд, нэгдүгээрт, нийгэм, эдийн засгийн стратегийн зорилт дэвшүүлэх, хоёрдугаарт, эдгээр зорилтыг холбогдох төрийн байгууллагууд нь боловсронгуй болгон тодорхойлох, гуравдугаарт, удирдлагууд эдийн засгийн хөгжлийн бодлого дээр нэг шийдэлд хүрэх, дөрөвдүгээрт, эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх үүднээс идэвхтэй ухуулга ард иргэдэд хийх бүтэц, тавдугаарт, зохих үр дүнд хүрсэн байх, хяналт шалгалт хэрэгжилтийн механизм бүрдсэн байх ёстой.    Дайны дараа Япон улсын хувьд барууны орнуудын хөгжлийг гүйцэх гэсэн нийгэм эдийн засгийн стратегийн зорилтыг тавьсан байдаг. Энэ зорилт нь Японы иргэдийн хувьд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зорилт байсан юм. Мөн Солонгос улс ч Японы эдийн засгийн хөгжлийг гүйцэх гэсэн зорилт тавин ажилласан юм. Цэргийн дэглэм тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө цэгцтэй бодлоготой Японы эдийн засгийн загварыг хуулбарлан өөрийн онцлогт тохируулан хэрэглэсэн.   Зүүн өмнөд Азийн орнуудын хувьд ч эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан тусгай яамд байдаг бөгөөд тэдгээр яамд эдийн засгийн тэргүүлэх чиглэл болон эдийн засгийн хэтийн бодлого боловсруулан, тодорхойлдог байна. Эдгээр төрийн бодлого боловсруулдаг гол түлхүүр яамд албан хаагч нар нь өндөр цалинтай (хувийн салбарын цалингаас өндөр) боловсрол, шударга зан чанараар хамгийн сайн иргэдийг сонгон шалгаруулж авдаг юм.  

УЛС ОРНЫ УДИРДАХ ТӨВШНИЙ ЗӨВЛӨЛДӨӨН  

АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Харилцаа холбоо, Улс төр судлалын тэнхимийн багш, тус сургуулийн Зөвлөлдөх Ардчилал Судлалын төвийн захирал Др. Профессор. Жеймс Фишкин, Стэнфордын Их сургуулийн Улс төр, Социологи судлалын тэнхимийн багш Др. Профессор Ларри Даймонд нарын хамт.   Тайвань, Солонгос, Малайз, Филиппин улсууд бүгд улс төрийн сөрөг хүчнүүдтэй. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг дэмжин, боловсруулсан бодлогыг эсэргүүцэж байгаагүй нь анхаарал татна. Эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тал дээр ард иргэдийн дэмжлэгийг авах үүднээс эдийн засгийн хөгжлийн бодлого ард иргэддээ ойлгуулах зөвлөлдөх уулзалт, ухуулга сурталчилгааг өргөн хэмжээд зохион байгуулдаг байна. Жишээ нь, Малайз улс эдийн засгийн хөгжлийн арван жилийн хэтийн зорилтоо тодорхойлж үүнийг хэрэгжүүлэх таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулдаг. Таван жилийн төлөвлөгөөг социализмын үе шиг байгууллага бүр өргөнөөр сурталчлах ойлгуулах үүрэг юм.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл