Холбоо барих

Залуу багш

1992 онд тухайн үеийн Зах зээлийн коллежи (одоо МУИС-ийн Бизнесийн сургууль)-д Багш-Эрдэм шинжилгээний ажилтнаар Г.Занданшатар ажлынхаа анхны гарааг эхлүүлжээ. Тухайн он жилүүдэд  Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас  зах зээлийн эдийн засагт эргэлт буцалтгүй шилжиж,  банкны систем хоёр шатлалтай болсон үе байв.  Эдийн засаг, банк санхүүгийн цоо шинэ орчин бүрэлдэж ядан байх тэр үед залуухан багш Г.Занданшатарын “Валют, санхүү, банкны үйл ажиллагаа” сэдэвт хичээл нь оюутнуудад төдийлэн ойлгоцгүй шинэ содон зүйл байжээ. Оюутнуудад байтугай багшид ч гарын авлага гэх юу ч байгаагүй боловч тэрээр мэддэг чаддаг хэлээ ашиглан өдөр шөнөгүй мэдээлэл олж авах бүхий л боломжийг эрэлхийлж байсан гэдэг. Энэ хүн бол  Монголд валют, санхүү, банкны үйл ажиллагааны чиглэлээр хичээл заасан анхны багш нарын нэг юм. Тухайн үед одоогийн эдийн засагч Н.Дашзэгвэ мөн тус сургуульд багшилж байв.

Зах зээлийн коллежид ажиллаж байхад нь  Монголын их, дээд сургуулийн нийт багш нараас англи хэлний шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан 12 хүний зургааг Австрали улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болоход Г.Занданшатар багтсан боловч тодорхой шалтгааны улмаас явж чадаагүй юм. Тэрбээр 1996 он хүртэл тус коллежид ажиллахдаа оюутнуудад шинэ соргог мэдлэг олгоход идэвхийлэн ажиллаж, Чөлөөт сэтгэгчдийн клуб байгуулан АНУ-д суралцсан хүмүүсийг урьж оюутнуудад лекц, сургалт зэрэг ажлыг тогтмол зохион байгуулж байжээ.

1996 оноос тухайн үеийн Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, улмаар тус газрын захирлаар, залгуулан Зээл, мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байгаад 1999 онд Монгол банкны Сургалтын төвийн захирлаар томилогджээ. Мөн онд түүнийг дампуурлын ирмэгт тулсан Хөдөө аж ахуйн банкин дахь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилов. Тэрбээр энэ ажлыг авахдаа ухарч няцсангүй.  Тус банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг боловсруулж, банкийг сэргээн босгох, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг удирдан ажилласан юм. Үүний үр дүнд тус банк төрийн  өмчид шилжиж, эдийн засгийн үр ашигтай санхүүгийн байгууллага болж чаджээ.

2000 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаги (USAID) -ийн тусламжтайгаар эрүүлжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тус банкинд удирдлагын шинэ баг бүрдүүлэн ажиллахад Маркетинг, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын хувиар банкны нэр хүндийг зах зээлд сэргээх, бэхжүүлэх ажлыг гардан хийжээ. Тус банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, дахин хөрөнгөжүүлж, нэр, логог шинэчлэн өөрчилж одоогийн “ХААН” банкны нэр логог зохиож брэнджүүлэх ажлыг хариуцан ажилласан юм. Уг хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр 2003 онд Засгийн газар олон улсын нээлттэй тендер зарлан Хөдөө аж ахуйн банкийг амжилттай хувьчилсан билээ.

Үүний дараа 2003 онд тэрбээр Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдов. Гэвч тухайн үед Монголын газар тариалангийн салбар ноцтой хямарч, улс орон даяар тариалалт зогсонги байдалд ороод байсан юм. Тодруулбал,  Монгол Улс дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй гэж үзэхдээ тулсан үе байв. Энэ хямралын үед Г.Занданшатар хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулж, гадаадын зээл тусламж, төр засгийн дэмжлэгээр газар тариаланг сэргээх ажлыг эрчимжүүлэхэд хүчин зүтгэсэн нь “Атрын III аян”- ыг өрнүүлэх үндэс суурь болсон билээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл