Холбоо барих

Танилцуулга

Багадаа

Г.Занданшатар 1970 оны  3 дугаар сарын 8-нд  Баянхонгор аймгийн Баацагаан суманд Гомбожавын гэрт мэндэлжээ. Түүнийг төрөх үед эцэг Д.Гомбожав нь тус сумын сум нэгдлийн даргаар томилогдон ажиллаж байв.  Эх барьж авсан эмч Ёндонцоо нь ном харж байгаад Занданшатар гэдэг нэрийг өгсөн гэдэг.

Эцэг Д.Гомбожав нь  Намын дээд сургуульд суралцах болж,  тэднийх 1972 онд Улаанбаатар хотод  нүүж ирэв. Эцэг Д.Гомбожав нь шатарт  их хорхойтой. Тийм учраас  Намын дээд сургуульд хамт суралцдаг  сум нэгдлийн дарга буюу оюутан найзууд нь тэднийд ирж  шатар тоглодог байлаа.  Занданшатар хүү тэднийг харсаар гурван настайдаа шатар нүүж сурчээ.

Эцэг нь  Намын дээд сургуулиа төгсөөд  1976 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд томилогдон  очсоны  дараа жил буюу 1977 онд Г.Занданшатар сургуульд элсэн орлоо.  Тэрбээр сурлага сайтай, урлаг,  спортод идэвхтэй  хүүхэд байв. Удаа дараалан  “Таван онцын эзэн” цол тэмдгийн болзлыг биелүүлдэг, урлагийн үзлэгт шүлэг уншдаг, үндэсний бөхөөр барилддаг хүүхэд байлаа.

Тэднийх дахин 1982 онд  нийслэлд шилжин ирэхэд Занданшатар  77 дугаар сургуульд элсэн орж улмаар Хэнтий аймаг руу шилжихэд тэнд очиж хагас жил сураад, эргэн нийслэлд ирж уг сургуульдаа суралцсаар 1987 онд онц дүнтэй төгсгөжээ.

Оюутан
Тэрбээр  1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс Ардын Аж ахуйн дээд сургууль (одоогийн  Байгалийн Улсын Их сургууль)-д элсэн орж санхүү-зээлийн эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн байна. Улмаар  1992-1998 онд Швед, АНУ, Герман, Франц, Энэтхэг улсуудад банк санхүү, бизнесийн удирдлагын дунд, урт хугацааны сургалтуудад суралцсан.  2002-2004 онд Нидерландын Маастрихтын их сургууль, Монголын бизнес хөгжлийн агентлагийн хамтарсан магистрын хөтөлбөрт суралцаж амжилттай дүүргэжээ
Залуу багш

1992 онд тухайн үеийн Зах зээлийн коллежи (одоо МУИС-ийн Бизнесийн сургууль)-д Багш-Эрдэм шинжилгээний ажилтнаар Г.Занданшатар ажлынхаа анхны гарааг эхлүүлжээ. Тухайн он жилүүдэд  Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас  зах зээлийн эдийн засагт эргэлт буцалтгүй шилжиж,  банкны систем хоёр шатлалтай болсон үе байв.  Эдийн засаг, банк санхүүгийн цоо шинэ орчин бүрэлдэж ядан байх тэр үед залуухан багш Г.Занданшатарын “Валют, санхүү, банкны үйл ажиллагаа” сэдэвт хичээл нь оюутнуудад төдийлэн ойлгоцгүй шинэ содон зүйл байжээ. Оюутнуудад байтугай багшид ч гарын авлага гэх юу ч байгаагүй боловч тэрээр мэддэг чаддаг хэлээ ашиглан өдөр шөнөгүй мэдээлэл олж авах бүхий л боломжийг эрэлхийлж байсан гэдэг. Энэ хүн бол  Монголд валют, санхүү, банкны үйл ажиллагааны чиглэлээр хичээл заасан анхны багш нарын нэг юм. Тухайн үед одоогийн эдийн засагч Н.Дашзэгвэ мөн тус сургуульд багшилж байв.

Зах зээлийн коллежид ажиллаж байхад нь  Монголын их, дээд сургуулийн нийт багш нараас англи хэлний шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан 12 хүний зургааг Австрали улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болоход Г.Занданшатар багтсан боловч тодорхой шалтгааны улмаас явж чадаагүй юм. Тэрбээр 1996 он хүртэл тус коллежид ажиллахдаа оюутнуудад шинэ соргог мэдлэг олгоход идэвхийлэн ажиллаж, Чөлөөт сэтгэгчдийн клуб байгуулан АНУ-д суралцсан хүмүүсийг урьж оюутнуудад лекц, сургалт зэрэг ажлыг тогтмол зохион байгуулж байжээ.

1996 оноос тухайн үеийн Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, улмаар тус газрын захирлаар, залгуулан Зээл, мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байгаад 1999 онд Монгол банкны Сургалтын төвийн захирлаар томилогджээ. Мөн онд түүнийг дампуурлын ирмэгт тулсан Хөдөө аж ахуйн банкин дахь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилов. Тэрбээр энэ ажлыг авахдаа ухарч няцсангүй.  Тус банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг боловсруулж, банкийг сэргээн босгох, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг удирдан ажилласан юм. Үүний үр дүнд тус банк төрийн  өмчид шилжиж, эдийн засгийн үр ашигтай санхүүгийн байгууллага болж чаджээ.

2000 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаги (USAID) -ийн тусламжтайгаар эрүүлжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр тус банкинд удирдлагын шинэ баг бүрдүүлэн ажиллахад Маркетинг, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын хувиар банкны нэр хүндийг зах зээлд сэргээх, бэхжүүлэх ажлыг гардан хийжээ. Тус банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, дахин хөрөнгөжүүлж, нэр, логог шинэчлэн өөрчилж одоогийн “ХААН” банкны нэр логог зохиож брэнджүүлэх ажлыг хариуцан ажилласан юм. Уг хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр 2003 онд Засгийн газар олон улсын нээлттэй тендер зарлан Хөдөө аж ахуйн банкийг амжилттай хувьчилсан билээ.

Үүний дараа 2003 онд тэрбээр Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдов. Гэвч тухайн үед Монголын газар тариалангийн салбар ноцтой хямарч, улс орон даяар тариалалт зогсонги байдалд ороод байсан юм. Тодруулбал,  Монгол Улс дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй гэж үзэхдээ тулсан үе байв. Энэ хямралын үед Г.Занданшатар хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулж, гадаадын зээл тусламж, төр засгийн дэмжлэгээр газар тариаланг сэргээх ажлыг эрчимжүүлэхэд хүчин зүтгэсэн нь “Атрын III аян”- ыг өрнүүлэх үндэс суурь болсон билээ.

Улс төрийн гараа

1998 оныг хүртэл тэрбээр ямар нэгэн улс төрийн намын харъяалалгүй байсан бөгөөд Санжаасүрэнгийн Зоригийг бусдын гарт хэрцгийгээр амь үрэгдсэний маргааш буюу 1998 оны аравдугаар сарын гуравны өдөр МАХН буюу одоогийн Монгол Ардын Намд элссэн гэдэг. Ингээд зургаан жилийн хугацаанд намын клуб, залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 онд  УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн долдугаар тойргоос нэр дэвшиж ялалт байгуулжээ.

Түүнчлэн 2008 оны сонгуульд дахин нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр улиран сонгогдов. Тухайн үед гурван мандаттай байсан Баянхонгор аймгаас тус хоёр сонгуульд МАХН-аас ганцхан хүн ийнхүү дараалан ялсан нь Г.Занданшатар байсан юм.

Тэрбээр 2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон нэр,  логог өөрчилж, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлжээ.

2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн

УИХ-ын гишүүн
Парламентын гишүүнээр сонгогдсон хоёр бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр Таварын  хууль, Бичил уурхайн тухай хууль, Авилгатай тэмцэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг 20 шахам хуулийн төслийг санаачилсан бөгөөд  УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд ахлагчаар томилогдон ажилласан байна. Мөн УИХ-ын 40 гаруй ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллажээ.  2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгийн VII тойрогт нэр дэвшиж ялалт байгуулан парламентын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогджээ.
Гадаад харилцааны сайд

2009 оны 11 дүгээр сард Гадаад харилцааны сайд С.Батболд Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд болж,  Г.Занданшатар Гадаад харилцааны сайдаар томилогдов. Түүнийг энэ албыг хаших хугацаанд сүүлийн 17 жил хэвээр байсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал шинэчлэгдэж, 2011 оны хоёрдугаар сард батлагджээ. Улмаар 2011 онд Монгол Улс “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг”-ийг хоёр жил даргалах хүндтэй үүргийг хүлээн авсан билээ. Г.Занданшатар сайд байх хугацаандаа Монгол Улсын Засгийн газраас Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг батлуулсан нь улс орны хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад гадаад улс төр, эдийн засгийн дипломат үйл ажиллагааг түлхүү чиглүүлж ашиглахад томоохон түлхэц болсон юм.

Мөн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг шинэчилж, сахилга хариуцлага, ёс зүй алдсан дипломат ажилтныг ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар шинэчлэн тусгасан байна. Үүрэгт хугацаандаа тэрбээр АНУ, Герман, Япон, БНСУ, Итали зэрэг 20 гаруй улсад албан айлчлал хийсэн нь Монгол Улсын гадаад харилцаанд ахиц дэвшил гарахад ихээхэн үр нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал,  Япон улстай 17 жил баримталсан иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулах зорилт дэвшүүлэн ажилласан нь таван жилийн дараа үр дүнгээ өгч, хоёр улс уг түншлэлийн гэрээг 2015 онд байгуулсан билээ.

Стэнфордын их сургуульд

2013 оны 12 дугаар сараас Г.Занданшатар нь АНУ-ын Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн”-д судлаачаар ажиллаж,  Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ. Өнөөдөр тэрбээр Зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ихээхэн хүчин чармайлт тавьж буй бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын дэлхийд нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж харилцан туршлага солилцохын сацуу ном бүтээлийг нь монгол хэлнээ орчуулан олны хүртээл болгосоор байна.

Түүнчлэн Азийн сан, Стэнфордын их сургуулийн дэмжлэгтэй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Монголын анхны зөвлөлдөх санал асуулга” төслийг хамтран удирдаж, Нийслэлийн зөвлөлдөх санал асуулгын зөвлөх хорооны даргаар ажиллаж байгаа билээ. 2013 оны 12 дугаар сараас Г.Занданшатар нь АНУ-ын Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн”-д судлаачаар ажиллаж,  Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ. Өнөөдөр тэрбээр Зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ихээхэн хүчин чармайлт тавьж буй бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын дэлхийд нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж харилцан туршлага солилцохын сацуу ном бүтээлийг нь монгол хэлнээ орчуулан олны хүртээл болгосоор байна.

2013 оны 12 дугаар сараас Г.Занданшатар нь АНУ-ын Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн”-д судлаачаар ажиллаж,  Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ. Өнөөдөр тэрбээр Зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ихээхэн хүчин чармайлт тавьж буй бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын дэлхийд нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж харилцан туршлага солилцохын сацуу ном бүтээлийг нь монгол хэлнээ орчуулан олны хүртээл болгосоор байна.

Г.Занданшатар улстөрөөс дэндүү даруухан гэхээр явсандаа гүтгүүлж, чичлүүлж үгийн муугаар хэлүүлж явсан удаа бий. Тэрбээр "Улс төрд удаан зүтгэлээ. Улс орноо хөгжүүлэхийн төлөө чамгүй ажиллаа. Зарим үед түр зогсож өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ төлөвлөх шаардлага зайлшгүй хэрэгтэй байдаг. Ардчилсан улсын хөгжлийн амин сүнс нь зөв ардчилал, уураг тархи нь ухаалаг төр, бие махбод нь ардын таван засаглал юм. Гэтэл бид гадагш өнгийж ард түмнээ харалгүйгээр дотроо дор бүрнээ шаагилдсаар өөрсдийн алдаа оноог дэнслэн харах чадваргүй болсон байна. Тиймээс би хэсэг хугацаанд Монголынхоо нийгэм, төр засгийн байдлыг хөндлөнгөөс ажиглаж, судалгаа хийгээд үзье гэж бодсон юм. Ер нь Америкийн болоод дэлхийн ардчилал хөгжсөн орнуудын туршлагаас харахад, улс төрд удаан хугацаанд ажилласан хүн тодорхой хугацааны дараа түр чөлөө авч олон улсын судалгааны төвүүдэд очиж ажилладаг байдал анзаарагддаг. Ингэснээр өөрийн улсын хийгээд бусад улсуудын улстөрийн үйл ажиллагааны давуу тал болон алдаа дутагдалыг тунгаан харж, илүү бодитоор дүгнэн цэгнэж, зөв гаргалгааг хайх боломжийг бий болгодог" хэмээсэн юм.

"Монгол Улсын Үндсэн хуульд... иргэдийн оролцоон дээр тулгуурласан тогтолцоог орон нутгийн бүтцэд байлгана гэсэн санааг тусгаж өгсөн. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад улс төрийн оролцоо, намуудын оролцоотой төлөөллийн байгууллыг бий болгосоор ирсэн. Тиймээс бид иргэдийн төлөөллийн байгууллагаар орон нутгийн үйл ажиллагааг яаж удирдуулах вэ гэж эрэл хайгуул хийсний үр дүнд “Зөвлөлдөх ардчилал”-ын аргачлалыг сонгон авсан юм. Цаашид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа ажилд шаардагдах хөрөнгө, хэрэгцээ, зураг төсөл, газрын байршлыг хүртэл иргэдэд мэдээлж, тэднээр тодорхойлуулдаг болохоор ажиллаж байна". “Зөвлөлдөх ардчиллын гол санаа болсон, асуудлыг зөвлөлдөж, учрыг нь олж хужрыг нь тунгааж дэнсэлдэг, ил тод, нээлттэй ардчиллын шинэ хэлбэр Монголд нэвтэрвэл манай эдийн засагт асар их хурд, үр дүн авчрах нь тодорхой юм байна.

Сонирхолтой баримтууд

Г.Занданшатар оюутан байхдаа Орос, Монгол, улмаар Украин, Польш хүртэл явж наймаа хийдэг байсан бөгөөд гуравдугаар дамжааны оюутан байхдаа нэлээд хэмжээний барааг Монгол руу нэвтрүүлэхийг оролдоод хил дээр саатуулагдан бараагаа хураалгажээ. Хил гаалийнхан энэ тухай сургууль руу нь мэдэгдэхэд, албан бичгийг хүлээж авсан багш А.Архипова нь сургуулийн удирдлагад мэдэгдэлгүйгээр Занданшатарыг өөрийг нь дуудаж уулзаад, онц сурлагатай, үлгэр жишээ, ирээдүйтэй оюутан тул сургуулиас хөөлгөх бодолгүй байгаагаа хэлж, улмаар энэ хэргийг түүгээрээ хав дарж өнгөрөөсөн гэдэг. Наймаанаас болж сургуулиасаа хөөгдөх дээрээ тулж явсан монгол оюутан энэ явдлаас 15 жилийн дараа тус сургуулийн хүндэт профессор болжээ. 

Оюутан Г.Занданшатарыг нэгдүгээр дамжаанд байхад орос хэлний хичээл дээр багш нь А.Пушкины шүлгийг уншиж өгөөд, долоо хоногийн дотор цээжлэх даалгавар өгөхөд тэрбээр тэр дор нь цээжилснээ хэлж, уншиж өгөөд ой сайтайгаараа гайхагдаж байжээ.

Украин улсын төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одонг Монголоос хүртсэн хүн ердөө хоёр байдгийн нэг нь Г.Занданшатар, нөгөө нь ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж юм.

Долоогийн тоо түүний амьдралд тодорхой учир холбогдолтой юм шиг харагдах тохиолдол нэлээд бий. 1970 онд төрсөн, 1977 онд долоон настайдаа сургуульд орсон, нийслэлд шилжиж ирэхдээ 77 дугаар сургуульд элссэн, мөн хожим энэ сургуулийг 1987 онд дүүргэсэн. УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн долдугаар тойргоос дэвшиж ялалт байгуулжээ. 

2004-2012 оны УИХ-ын гишүүд дотроо тэрбээр хамгийн сайн шатарчин нь байсан гэдэг.

Түүний ээж О.Дашзэвэг хүүхдээ шатар тоглохыг тал бүрээр дэмждэг, “Шатар монгол хүний оюун ухааны тоглоом. Даалуу бол хятад худалдаачны тоглоом. Харин хөзөр нь орос ноёны тоглоом” гэдэг байжээ.

Онцлох арга хэмжээ

Ачааллаж байна ..